Номд шимтэгчдийн тэсэн ядан хүлээдэг соёлын том арга хэмжээ болох “Үндэсний номын баяр” энэ сарын 18-ны баасан гарагт албан ёсоор эхэлнэ. “Номын соёлт ертөнц” ТББ-аас хавар, намар бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус үйл ажиллагаа нь энэ удаа 40 өртөөгөө өртөөлж буй бөгөөд Үндэсний номын баяр үүссэний 20 жилийн ойн хүрээнд өргөн дэлгэр болох гэж байна. Гурван өдрийн турш үргэлжлэх энэхүү наадмыг зорин нийслэлийн оршин суугчдаас гадна орон нутгийн уншигчид ч олноор хүрэлцэн ирдэг билээ.
Тус фестивалийн гол зорилго нь нийгэмд уншлагын соёлыг дэлгэрүүлж, зохиолч уншигчдыг ойртуулахаас гадна ном хэвлэлийн салбарыг дэмжихэд оршдог. Энэхүү баярын өдрүүдэд зохиолч, орчуулагчдын уулзалт, шинэ номын нээлт, гарын үсэг зурах өдөрлөг болон номын үзэсгэлэн худалдаа зэрэг олон төрлийн сонирхолтой арга хэмжээнүүд нэг дор өрнөх юм.
Түүнчлэн энэ удаагийн арга хэмжээнд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг орны ном хэвлэлийн салбарын төлөөллүүд оролцох бөгөөд олон улсын нэртэй зочид Монголд анх удаа хүрэлцэн ирэхээр төлөвлөөд байна. Хилийн чанадаас хүрэлцэн ирэх онцлох зочдыг дурдвал:
Олон улсын хүндэт зочид:
- Сэнтил Натан: Энэтхэгийн хэвлэлийн салбарыг төлөөлөгч “Aazhi” паблишингийг үүсгэн байгуулагч.
- Фрэд Минн: Азийн хүүхдийн номын томоохон арга хэмжээ болох “Нами” фестивалийн захирал (багийн хамт).
- Хоса Сачиёо ба Ито Хироши: Японы зурагт номын нэрт зохиолчид.
- Султан Акимович Раев: Киргизийн нэрт зохиолч, сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн.
- Жан Минжөү: Олон улсын хүүхдийн номын зөвлөлийн (IBBY) ерөнхийлөгч асан.
