НүүрСоёл УрлагЧингис хааны түүхийг өгүүлэх физикл перформанс нэг л өдөр тайзнаа амилна

Чингис хааны түүхийг өгүүлэх физикл перформанс нэг л өдөр тайзнаа амилна

УДЭТ-ын уран бүтээлчид найруулагч Э.Билгүүний найруулгаар “Хаадын хаан Чингис хаан” физикл перформансыг үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байна. Тус бүтээлийг ирэх наймдугаар сарын 17-нд ганцхан удаа толилуулах бөгөөд Монголын түүхэн их хүний амьдрал, тэмцэл, эв нэгдлийн үзэл санааг тайзны хөдөлгөөн, дүрслэл, жүжиглэлтээр илэрхийлэх аж.

Перформансын үйл явдал Хиад овгийн Есүхэй баатар Татар аймагтай тулалдаж, Тэмүүжин Үгэ, Хори буха баатруудыг ялснаар эхэлнэ. Түүний хатан Өэлүн эхийн хэвлийд бүрэлдсэн хүүхдийн тухай их зайран “Мөнх хөх тэнгэр их хувь заяатныг илгээж байна” хэмээн зарлаж, удалгүй Онон мөрний хөвөөнд баруун гартаа нөж атган Есүхэй баатрын хүү Тэмүүжин мэндэлдэг.

Хожим Есүхэй баатар Хонгирад аймгийн ноён Дай Сэцэнийд очихдоо түүний охин Бөртэг хүү Тэмүжинтэй ураг барилдуулан сүй тавина. Гэвч Есүхэй баатар Татаруудад хорлогдон нас барснаар тэдний гэр бүл хүнд сорилттой нүүр тулж, овог аймаг нь орхин одсон ч Өэлүн эх хүүхдүүдээ эв нэгдэлтэй, тэсвэр хатуужилтай, зоригтой хүн болгон өсгөдөг.

Тэмүүжиний бага нас, гэр бүлийн дотоод зөрчил ч бүтээлд тусгагдана. Тэрээр эцэг нэг, эх ондоотой Бэгтэр ахыгаа загас булаацалдан нумаар харваж хорооно.

Эрийн цээнд хүрсэн Тэмүүжин Бөртэг гэргийгээ болгож, амьдралынх нь дараагийн томоохон сорил эхэлнэ. Мэргидүүд Бөртэг олзлон авч явсны дараа Тэмүүжин Жамуха, Ван хан Тоорил нарын тусламжтайгаар дайтаж, эхнэрээ буцаан авна.

Бөртэ нь Чингис хааны хамгийн итгэлт хань байж, Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй хэмээх дөрвөн хүүг төрүүлэв. Чингис хааны дөрвөн хүү эр бяраа гайхуулж, тэмцэлдэн байх үед тэрээр “Эвтэй байгтун, бие биеэ түшиглэ. Монголын эзэнт гүрний төрийн жолоог залах хөвүүд минь” гэж хэлээд аян дайнд мордоно.

Бүтээлд онцлох түүхэн шугамууд:

  • Есүхэй баатрын ялалт, Тэмүүжиний мэндэлсэн домогт агшин;
  • Тэмүүжин, Бөртэ нарын сүй тавьсан үйл явдал;
  • Өэлүн эхийн үр хүүхдээ өсгөсөн хатан зориг;
  • Жамуха, Ван хан Тоорил нарын оролцоо;
  • 1206 онд Тэмүүжин Монголын аймгуудыг нэгтгэсэн түүхэн мөч.

Жамуха өөрийгөө Гүр хаанд тунхаглаж, гурван удаа анд барилцсан Тэмүүжинээс андын тангаргаа зөрчсөн тул хорооно. Гэвч Тэмүүжин Жамухыг хороосондоо ихэд харамсан, эртний ёс заншлын дагуу хүндэтгэлтэйгээр оршуулдаг.

Эцэст нь Тэмүүжиний сэтгэл үймэрч, Өэлүн эхийн дуу хоолой салхиар дамжин сонсогдох нь эзэнт гүрнийг нэгтгэх итгэл, хүчийг түүнд өгнө. 1206 онд Тэмүүжин Монголын аймгуудыг нэгтгэн, Чингис хаан хэмээх цолыг хүртэж, түүний суу алдар дэлхий ертөнцөд тархах түүхийг уг физикл перформанс тайзнаа амилуулах юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд