Тулгар төрийн 2235, Их Mongol Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоон худагт амжилттай өндөрлөж, түрүү, айргийн хүлэг хуусод тодорлоо. Энэ жилийн шүдлэнгийн уралдаанд газар газрын шандаст хүлгүүд хурд хүчээ сорьсноос Сэлэнгэ аймгийн уяачийн үрээ магнайдаа тоосгүй түрүүлэв.
Түрүү болон айрагдсан хурдан үрээнүүд:
- Түрүү магнай: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, аймгийн алдарт уяач Элдэв-Очирын Ариунболдын хурдан үрээ хурдалж, наадамчин олныг баясгалаа.
- Аман хүзүү: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат Эрхэмбаатарын Өлзийдэлгэрийн хүрэн үрээ орлоо. Хүрэн үрээг аймгийн алдарт уяач Нанзадын Болдбүрэн уяж сойсон байна.
- Айргийн гурав: Уяач Цагааны Зулхүүгийн зээрд үрээ хурдалж, барианы зурхайд орлоо.
- Айргийн дөрөв: Тод манлай уяач Намдагийн Хүрлээгийн зээрд үрээ хурдан хүлгүүдийн магнайд хурдаллаа.
- Айргийн тав: Булган аймгийн Булган сумын уяач Батцогтын Ууганхүүгийн зээрд үрээ айрагдлаа.
Шандаст шүдлэн насны морьдын уралдаан ийнхүү өрсөлдөөнтэй сайхан болж, уясан уяач, унасан хүүхэд, наадамчин олноо цэнгүүллээ.
