Холимог тулааны ертөнцийн хамгийн том од Конор Макгрегор бүтэн таван жилийн дараа октагонд эргэн ирж байна. Тэрээр энэ сарын 12-нд Лас-Вегас хотноо зохион байгуулагдах “UFC 329” тэмцээний гол шоу болж, Макс Холлоуэйтэй тулалдахаар болжээ. Өдгөө 37 настай ирланд тулаанч тэмцээний өмнөх шоугаа хэдийнэ эхлүүлж, “Complex” YouTube сувагт өгсөн ярилцлагадаа холимог тулааны түүхэн дэх хамгийн агуу 10 тулаанчийг зарласан байна. Тэрээр энэхүү жагсаалтынхаа нэгдүгээр байрт өөрийгөө нэрлэжээ.
Хэдийгээр энэ удаагийн тэмцээнд аваргын бүсийн төлөөх тулаан байхгүй ч Конорын эргэн ирэлт спорт сонирхогчдын анхаарлыг дээд цэгт нь хүргэж байна. Мэргэжлийн түвшинд 28 удаа тулалдсан тэрээр UFC-ийн түүхэнд хамгийн өндөр орлого олсон таван тэмцээнийг ганцаараа толгойлж байсан бөгөөд зөвхөн тулаан гэлтгүй хэл ам, шоу ур чадвараараа үзэгчдийг татаж чаддаг нэгэн юм.
“UFC 329” тэмцээний үеэр Конор, Холлоуэй нарын тулаанаас гадна үзэгчдийн хорхойг хүргэх дараах сонирхолтой тулаанууд явагдана:
- Бенуа Сен-Дени – Пэдди Пимблетт
- Никита Крылов – Роберт Уиттакер
- Гейбл Стивсон – Элиша Эллисон
Конорын хувилбар: Бүх цаг үеийн хамгийн агуу 10 тулаанч
Түүнээс холимог тулааны түүхэн дэх шилдгүүдийг нэрлэхийг хүсэхэд өөрийнх нь заналт өрсөлдөгч Хабиб болон түүний залгамжлагч Ислам Махачев нарыг багтаасан сонирхолтой жагсаалтыг гаргажээ. Түүний нэрлэсэн шилдэг 10 тулаанч:
- Конор Макгрегор
- Андерсон Силва
- Жон Жонс
- Деметриус Жонсон
- Валентина Шевченко
- Аманда Нуньес
- Ислам Махачев
- Даниэль Кормье
- Хабиб Нурмагомедов
- Александр Волкановски
