Монгол Улсын Төрийн далбааны өдрийг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн цэргийн ёслолын жагсаал, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Монголчууд 2009 оноос эхлэн жил бүр төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлж, энэ өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн юм.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нар оролцов. Мөн Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүнүүд, олон улсын байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн иржээ.

Энэ жилийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын бие бүрэлдэхүүн өргөн бүрэлдэхүүнээр оролцсон байна. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, Удирдах газар, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штабын төлөөлөл жагсаалд нэгдэв.
Мөн Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, төрийн ёслолын хүндэт харуул, үлээвэр найрал хөгжимчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, ард иргэдийн төлөөлөл оролцсон байна.
Ёслолын жагсаалын бүрэлдэхүүн:
- тусгай зориулалтын 90 гаруй техник;
- нисдэг тэрэг, сөнөөгч онгоц;
- 4400 орчим алба хаагч, сонсогч, байлдагчид;
- төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын төлөөлөл.

Монгол Улсын Төрийн далбааны өдрийг энэ онд 17 дахь жилдээ тэмдэглэж байна. Нэгдсэн цэргийн ёслолын жагсаалыг Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Ж.Өсөхбаяр командлав.
Монгол Улсын төрийн далбаа түүхэн хугацаанд хэд хэдэн удаа шинэчлэгдэж ирсэн. Төрийн далбааг 1911, 1924, 1940, 1945, 1960 онд шинэчилж байсан бөгөөд одоогийн төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн юм.
Жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-ийг тэмдэглэдэг нь иргэдэд эх оронч үндэсний үзэл, хүмүүжил төлөвшүүлэх зорилготой. Энэ талаар Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

