БНХАУ-ын нийслэл Бээжин хотод болсон Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын уулзалт ёслолын хувьд найрсаг, халуун дотно уур амьсгалтай өнгөрсөн ч бодит хэлэлцээрийн түвшинд томоохон ахиц гарсангүй гэж BBC агентлаг мэдээлжээ. Тус айлчлал нь Москва, Бээжингийн “нөхөрлөл” геополитикийн ашиг сонирхлын өмнө тодорхой хязгаартай болохыг харуулсан гэж тус агентлаг дүгнэсэн байна.
Хоёр орны удирдагчид Ардын Их Танхим руу улаан хивсэн дээгүүр алхах үеэр Хятадын цэргийн найрал хөгжим Оросын алдарт “Москвагийн үдэш” дууг эгшиглүүлжээ. Энэ нь Кремль, Бээжингийн харилцаа онцгой түвшинд хүрснийг илтгэх мэт харагдсан бөгөөд В.Путин Ши Жиньпинд “Хайрт найз минь” хэмээн хандсан бол Хятадын удирдагч түүнийг “хуучин анд” гэж нэрлэсэн байна.
Олон жилийн хугацаанд 40 гаруй удаа уулзсан хоёр удирдагч энэ удаа ч “стратегийн хамтын ажиллагаа”, “харилцан итгэлцэл”, “нөхөрлөл”-ийн талаар ярьжээ. Мөн тэд АНУ-ын “хариуцлагагүй” цөмийн бодлого, Ерөнхийлөгч Д.Трампын “Алтан бөмбөгөр” пуужингийн хамгаалалтын санаачилгыг хамтран шүүмжилсэн байна.
Оросын төрийн хэвлэлүүд айлчлалын энэ дүр төрхийг өргөнөөр онцолжээ. Тухайлбал, нэгэн сонин нүүр хуудсандаа Хятадаас ганцаараа буцаж буй Д.Трампын зургийг В.Путин, Ши Жиньпин хоёр хамт алхаж буй зурагтай зэрэгцүүлэн нийтэлж, Москва, Бээжин дэлхийн тавцанд хамтран зогсож буй гэсэн санааг харуулахыг зорьсон байна.
Гэсэн ч В.Путины айлчлалын хамгийн чухал зорилгын нэг болох “Сибирийн хүч-2” хийн хоолойн төсөл дээр бодит тохиролцоо хийгдсэнгүй. Уг төсөл хэрэгжвэл Баруун Сибирийн байгалийн хийг Монгол Улсаар дамжуулан Хойд Хятад руу нийлүүлэх бөгөөд Европын зах зээлээ алдсан Москвагийн хувьд стратегийн ач холбогдолтой гарц болох юм.
Өнгөрсөн жил талууд уг төслийн талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан ч Бээжин хэлэлцээг яаравчлахгүй байгаа нь ажиглагдаж байна. Үнийн асуудлаас гадна Хятад улс Оросын эрчим хүчнээс хэт хамааралтай болохоос болгоомжилж буйг шинжээчид онцолжээ.
Кремль лхагва гараг /2026.05.20/-т хоёр тал төслийн “үндсэн параметрүүд дээр ерөнхий ойлголцолд хүрсэн” гэж мэдэгдсэн байна. Гэвч эцсийн тохиролцоонд хүрсэн гэх бодит шинж тэмдэг ажиглагдаагүй бөгөөд энэ нь айлчлалын гол сул үр дүнгийн нэг болжээ.
Оросын албаныхан энэхүү нөхцөлд сэтгэл дундуур байгаа ч үүнийг гэнэтийн зүйл гэж үзэхгүй байна. Москва өөрөө ч Бээжинтэй харилцах харилцаанд ашиг сонирхлын ялгаа байдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн бөгөөд Оросын төрийн хэвлэл “Орос, Хятадын ашиг сонирхол үргэлж давхцдаггүй. Өөрсдийгөө их гүрэн гэж үздэг хоёр улсын хувьд энэ нь хэвийн зүйл” хэмээн онцолсон байна.
Үүнтэй зэрэгцэн Кремль өмнө нь АНУ-тай харилцаагаа зөөлрүүлэх үед хэрэглэж байсан “нөхөрлөл”, “итгэлцэл” гэх үг хэллэгээ дахин ашиглаж эхэлжээ. Өнгөрсөн зун В.Путин, Д.Трамп нар Аляскад уулзсаны дараа Москва “АНУ, Орос хоёрын харилцаа зөөлрөх /Анкорижийн сүнс/” уур амьсгал бий болсон тухай ярьж байсан ч Украины дайн үргэлжилсээр, тэрхүү өөдрөг өнгө аяс удалгүй замхарсан юм.
Харин энэ удаа Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков “Бээжингийн сүнс оршсоор байна” гэж мэдэгдсэн байна. Гэхдээ тэрбээр “Анкорижийн сүнс” гэх хэллэгийг өөрөө хэзээ ч хэрэглэж байгаагүй гэж тайлбарлажээ.
Эх сурвалж: BBC
