Лондон хотын Сэвил-Роу гудамжинд байрлах “The Beatles” хамтлагийн түүхэн байрыг тус хамтлагийн уран бүтээлд зориулсан томоохон музей болгон өөрчлөхөөр болжээ. Энэ талаар BBC агентлаг мэдээллээ.
“The Beatles at 3 Savile Row” нэртэй уг музей 2027 онд үүд хаалгаа нээх бөгөөд тасалбар захиалах бүртгэл өнөөдрөөс эхлэн хамтлагийн албан ёсны вэбсайтаар явагдаж эхэлсэн байна.
Сэвил-Роу гудамжны 3 тоот байранд 1969 оноос эхлэн хөгжимчдийн үүсгэн байгуулсан “Apple” компанийн төв оффис байрлаж байжээ. Байшингийн зоорийн давхарт байрлах студид хамтлагийн хамгийн сүүлчийн буюу 12 дахь цомог болох “Let It Be” бичигдсэн түүхтэй. Мөн 1969 оны нэгдүгээр сард тус барилгын дээвэр дээр хамтлаг өөрсдийн хамгийн сүүлчийн амьд тоглолтоо хийж байсан билээ.
Сэр Пол Маккартни энэхүү музейг байгуулах болсон шалтгаанаа тайлбарлахдаа: “Жуулчид Англид ирээд Эбби-Роуд (Abbey Road) руу очдог ч байшин дотор нэвтэрч чаддаггүй. Үүнээс болоод тэд гудамжинд зогсож, замын хөдөлгөөнд саад учруулж, жолооч нарыг бухимдуулдаг. Тиймээс л энэ музейг нээх нь гайхалтай санаа байх болно гэж би бодсон юм” хэмээжээ.
Музейн аялал зоорийн давхраас буюу хуучин студийг сэргээн засварласан хэсгээс эхэлнэ. Дараа нь Пол Маккартнигийн хэлснээр “дээшээ өгсөж, тэр үед энд тэнд юу болж байсныг үзэж сонирхоод, хамгийн дээд давхарт буюу дээвэр дээр гарч өөрийгөө ‘The Beatles’-ийн гишүүн мэтээр төсөөлөх” боломжтой аж. Мөн барилга дотор дурсгалын зүйлсийн дэлгүүр байрлах юм байна.
