Улаанчулуут орчимд зөвшөөрөлгүй асгасан хог хаягдлаас үүссэн олон цэгийг цэвэрлэж, нөхөн сэргээлтийн ажлыг өргөн хүрээнд хийжээ. Тус бүсийн 13 хорооны нутаг дэвсгэрт нийт 45 байршилд үүсмэл хогийн цэг бий болсон байсан бөгөөд цэвэрлэгээний дараа 38 га талбайд 10 мянган мод тарьсан байна.
2025 оны тавдугаар сард “Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ болон иргэдийн бүлгүүд хамтран хог цэвэрлэх ажлыг зохион байгуулжээ. Энэ үеэр тухайн орчноос ойролцоогоор 500 тонн хог хаягдлыг ачиж, талбайг цэвэрлэн мод тарих нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Цэвэрлэгээ дууссаны дараа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дүүргийн харьяа байгууллагууд мод тарих ажилд нэгдсэн байна. Мөн 43 хорооны ажилтан, алба хаагч, цэргийн ангийн бүрэлдэхүүн, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл зэрэг нийт 5000 гаруй хүн оролцжээ.
Ийнхүү өмнө нь хог хаягдлаар дүүрсэн 38 га талбайд суулгасан 10 мянган мод ургаж, тус орчинд шинэ ойн зурвас бүрэлдэн тогтсон байна. Хогийн цэг байсан газрыг ногоон байгууламж болгон өөрчилсөн нь тухайн бүсийн орчны нөхцөлийг сайжруулахад чиглэсэн томоохон ажил болжээ.
Шинээр бий болсон ойн зурвас нь агаарт дэгдэх тоосжилт, хөрсний элэгдлийг багасгах, орчны агаарын чанарт эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна. Түүнчлэн ногоон байгууламж нэмэгдсэнээр уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах боломжтой аж.
