Хүүхдийн дунд түгээмэл тохиолддог халдварт өвчнийг эмчлэхэд ашигладаг амин чухал эм бэлдмэлүүд улам бүр үр дүнгүй болж байгаа бөгөөд эдгээр эмэнд тэсвэртэй бактерийн асуудал ирэх арван жилд улам бүр даамжирна гэдгийг дэлхий нийтийг хамарсан судалгаа харууллаа. Энэ талаар The Guardian хэвлэл мэдээлсэн байна.
Антибиотикийн тэсвэржилт эрчимтэй өсөж байна
Австралийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас эш татан тус нийтлэлд: “2004-өөс 2022 оны хооронд дэлхийн бүх бүс нутагт антибиотикт тэсвэртэй байдал буюу нянгийн эсрэг эмүүд бактерийг устгаж чадахгүй болох нөхцөл байдлын өсөлт ажиглагдсан” гэж дурджээ.
Антибиотик болон мөөгөнцрийн эсрэг эмийг буруу, хэтрүүлэн хэрэглэх нь бичил биетнийг мутацид оруулж, үүний улмаас бидний хэрэглэж заншсан ердийн эмүүд үйлчлэхээ больдог болохыг сонинд тодруулсан байна.
Улс орнуудын орлогын түвшнээс хамаарсан шалтгаанууд
Антибиотикийн тэсвэржилт үүсэх шалтгаан нь улс орнуудын хөгжлийн түвшнээс хамааран харилцан адилгүй байна:
- Бага орлоготой орнуудад: Антибиотикийн тэсвэржилтийн өсөлт нь тэдгээрийн хяналтгүй хэрэглээ болон ариун цэвэр, эрүүл ахуйн хангалтгүй нөхцөлтэй шууд холбоотой байна. Тиймээс эдгээр орнуудад оношилгооны арга хэрэгсэл болон “нэгдүгээр эгнээний” (first-line) антибиотикийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь нэн тэргүүний зорилт болоод байна.
- Өндөр орлоготой орнуудад: Хөдөө аж ахуй, мал эмнэлэг болон эрүүл мэндийн тогтолцоонд антибиотикийг хэтрүүлэн хэрэглэж байгаа нь эмэнд тэсвэртэй байдал үүсэх, хөгжих гол нөхцөлийг бүрдүүлж байна.
