2021 онд БНСУ-ын Дэгү хотын тэнгэрт гарсан F-15K загварын хоёр сөнөөгч онгоцны мөргөлдөөний бодит шалтгаан тодорхой боллоо. Сөүлийн Аудит ба Хяналт шалгалтын газраас явуулсан нарийвчилсан шалгалтаар нисгэгчид албан үүргээ гүйцэтгэх явцдаа гар утсаараа зураг дарж, бичлэг хийхийг оролдсон нь ийм ноцтой үр дагавар дагуулсан гэж тогтоосон байна.
Хэрэг явдлын дараа БНСУ-ын Агаарын нисэх хүчин албан ёсоор уучлалт хүсэж, холбогдох нисгэгчдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх зэрэг сахилгын хатуу арга хэмжээ авсан байна. Шалгалтын дүгнэлтэд ослын нөхцөл байдлыг дараах байдлаар тодорхойлжээ:
- Дагалдагч онгоцны нисгэгч бичлэг хийхийн тулд зөвшөөрөлгүйгээр огцом өндөр авч, аюултай манёвр хийсэн байна.
- Нислэгийг удирдаж байсан онгоцны нисгэгч мөн дагалдаж яваа онгоцоо өөрийн гар утсаараа бичиж байжээ.
- Хоёр онгоц аюултай хэмжээнд ойртож, нисгэгчид бултах оролдлого хийсэн ч дагалдах онгоцны сүүл хэсэг нөгөө онгоцныхоо далавчийг шүргэж, 880 сая воны эдийн засгийн хохирол учруулжээ.
Аудитын газраас ослын гол хариуцлагыг дагалдах онгоцны нисгэгчид хүлээлгэж, нийт хохирлын аравны нэг (1/10) орчмыг хувиасаа нөхөн төлөхийг үүрэг болгосон байна. Түүнчлэн Агаарын нисэх хүчний удирдлагуудыг нислэгийн үеэрх сахилга бат, хяналт шалгалтад хайхрамжгүй хандсан хэмээн шүүмжилсэн юм.
