Ардчилсан намаас нэр дэвшигч Абдул Эль-Сайед Мичиган мужаас АНУ-ын Сенатын сонгуульд тэргүүлж, ялалтаа баталгаажууллаа гэж Associated Press-ийн мэдээлэлд дурджээ. Ингэснээр тэр АНУ-ын Конгрессын дээд танхимын түүхэн дэх анхны мусульман сенатор болох юм.
Саналын 82%-ийг тоолсны дараах байдлаар Эль-Сайед 50.1%, түүний Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн өрсөлдөгч Майк Рожерс 45.5%-ийн санал авчээ.
Сонгуулийн кампанит ажлын үеэр Эль-Сайед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шүүмжлэлд өртөж байжээ.
Трамп түүнийг “жихадист” хэмээн нэрлэж, “Сенатад оруулахын өмнө металл илрүүлэгчээр шалгах хэрэгтэй болно” гэж хэлсэн байна. Мөн Эль-Сайедийг үндэсний аюулгүй байдалд заналхийлэл хэмээн дүрсэлж, АНУ-д үнэнч эсэхэд нь эргэлзэж байгаагаа илэрхийлэн Мичиганы сонгогчдыг Бүгд найрамдах намын нэр дэвшигч Майк Рожерст санал өгөхийг уриалж байжээ.
АНУ-ын завсрын сонгуулийн урьдчилсан дүн
АНУ-ын Конгрессын завсрын сонгууль 11-р сарын 3-нд эхэлсэн. Америкчууд Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүн, мөн 35 сенаторыг сонгож байна.
Сонгуулийн өдрөөс өмнө 50 сая гаруй хүн урьдчилан санал өгсөн нь 2022 оны 45.9 сая сонгогчийн дээд амжилтыг давжээ. Урьдчилсан дүнгээр Ардчилсан нам АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим болон Сенатын хяналтыг авах төлөвтэй байна.
