НҮБ-аас Олон улсын цайны өдрийг тэмдэглэх болсон нь цайны хэрэглээ буурч байгаад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой юм. Учир нь цайны үйлдвэрлэл, экспорт нь хөгжиж буй орнуудын хүн амын тодорхой хэсгийн амьжиргааны гол эх үүсвэр болдог байна. Албан ёсоор 5 дугаар сарын 21-ний өдрийг сонгосон нь Ази тивийн цай хураалтын улирал эхэлж, тус салбарын улирлын чанартай ажил эрхлэлт оргил үедээ хүрдэгтэй холбоотой ажээ.
Цай бол дэлхий нийтийн хэрэглээ бөгөөд сая сая фермер, тариаланчдын хөдөлмөрийг шингээсэн дэлхийн хэмжээний томоохон салбар юм. Зарим улс оронд цайг шашны зан үйлтэй холбон үздэг. Жишээлбэл, Энэтхэг улсын хувьд цай нь түүхэн ач холбогдолтой газрууд болох Ассам, Даржилинг, Нилгиритэй салшгүй холбоотой бөгөөд эдгээр бүс нутаг олон зууны турш дэлхийн зах зээлд өндөр чанартай цай нийлүүлсээр ирсэн. Сонирхолтой нь, цайны салбарт ажиллагсдын дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна.
Түүхээс үзвэл, цай нь дэлхийн улс төр, эдийн засагт, ялангуяа Британийн эзэнт гүрэн болон Зүүн Энэтхэгийн компанийн үйл ажиллагааны хүрээнд асар их нөлөө үзүүлж иржээ. Энэхүү ундаа нь колоничлолын эдийн засаг, Хятад, Энэтхэгтэй хийх худалдаа, татварын бодлого, мөн дэлхий нийтийн хэрэглээний дадал хэвшил бүрэлдэхэд гүнзгий ул мөр үлдээсэн юм. “Цайны геополитик”-ийн гол тоглогчдод Хятад, Энэтхэг, Шри-Ланка улсыг тооцдог. Тухайлбал, 2025 онд Хятад улс 3.74 млн тонн, харин Энэтхэг улс 1.3 млн тонн цай үйлдвэрлэжээ.
Энэхүү ундаа нь зэвсэгт мөргөлдөөний шалтгаан болж байсан түүхтэй. Жишээлбэл, 1773 оны “Бостоны цайны бослого”-ын үеэр колоничлогчид Британийн засгийн газрын бодлогыг эсэпруүцэн 342 хайрцаг цайг далайд живүүлж байв. Мөн Хятад дахь “Хар тамхины дайн”-ы ард Британичуудын цайны худалдаанаас үүдэлтэй гадаад худалдааны алдагдал шууд бусаар нөлөөлж байсан тул уг мөргөлдөөнд цай чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Дипломат харилцааны хэрэгсэл
Хэлэлцээ хийх болон төрийн чухал уулзалтуудын үеэр цайны ёслол байнга зохион байгуулагддаг бөгөөд энэхүү ундаа нь нэг ёсондоо олон улсын дипломат харилцааны бэлгэдэл болжээ. Социологич болон антропологичдын ажиглалтаар, хамтдаа цай уух нь хүмүүс хоорондын зайн мэдрэмжийг бууруулж, хэлэлцээрийг хөнгөвчлөн, харилцан итгэлцэл бий болгох төдийгүй аюулгүй, таатай орчныг бүрдүүлдэг байна. Цай нь зочломтгой, элэгсэг уур амьсгал төрүүлдэг тул ажил хэргийн яриа өрнүүлэхэд нэн тохиромжтой.
Улс орон бүрд өөрийн гэсэн цай уух зан үйл бүрэлдсэн байдаг. Жишээлбэл, Хятад, Японд цайны ёслолын нарийн дэг жаяг тогтсон бол Энэтхэгт “цайны ардах яриа” хэмээх уламжлал бий болсон нь нийгэм, улс төрийн шинжтэй асуудлуудыг хэлэлцдэг албан ёсны протоколын салшгүй хэсэг болжээ.
Төөрөгдөл ба бодит байдал
Цай уух нь хүний анхаарал төвлөрөлт, стрессийн түвшин болон сэтгэл санааны байдалд нөлөөлдөг. Эрдэмтэд үүнийг цайнд агуулагддаг кофеин, L-теанин (L-theanine буюу тайвшруулах үвилгээтэй амин хүчил) болон катехин зэрэг бодисуудтай холбон тайлбарлаж байна. Цайг зохистой хэмжээгээр хэрэглэх нь зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулж, судасны ханыг бэхжүүлэхээс гадна өтлөх насанд танин мэдэхүйн сулрал үүсэх эрсдэлийг багасгадаг ажээ.
Гэхдээ цай нь эм биш бөгөөд тунг нь хэтрүүлбэл биед сөрөг нөлөөтэйг санах хэрэгтэй. Хэтэрхий өтгөн цайнд танин (tannin буюу ургамлын гаралтай идээлүүлэгч бодис) ихээр агуулагддаг тул ходоодны салст бүрхэвчийг цочроох аюултай. Үүнээс гадна оройн цагаар цай уух нь түүнд агуулагддаг кофеины нөлөөгөөр нойрны чанарт сөргөөр нөлөөлдөг байна.
Цайны тухай хамгийн түгээмэл төөрөгдлүүдийн нэг бол түүнд кофеноос бага кофеин агуулагддаг гэх яриа юм. Бодит байдал дээр энэ нь цайны сорт, хандалсан хэмжээ, бэлтгэх аргаас шууд хамаардаг. Мөн ногоон цайг хар цайнаас илүү ашиг тустай гэж үзэх нь өрөөсгөл ойлголт юм.
Цай нь биеэс усыг гадагшлуулдаг гэх үзэл худал бөгөөд харин ч биеийн усны тэнцвэрт байдлыг хадгалахад тусалдаг байна. Сүүтэй цайг ч бас ашиг тусгүй гэж хэлж болохгүй бөгөөд сүү нь цайны ашигтай чанарыг үгүй хийдэггүй аж. Түүнчлэн цайны өтгөн шингэн нь түүний ашиг тусын хэмжээг тодорхойлдоггүй, харин ч хэт өтгөн цай ходоод хямраах эрсдэлтэй байдаг байна.
