БНСУ-д нохойн махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг фермүүдийн 82 хувийг хаасан тухай тус улсын Засгийн газрын цахим хуудаст нийтлэгдсэн хэвлэлийн мэдээнд дурджээ.
Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр, 2024 оноос хойш ийм төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг 1,537 аж ахуйн нэгжийн 1,265 нь үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоосон байна. Мөн ирэх оны хоёрдугаар сараас (2027 оны 2-р сар) эхлэн хүнсэнд хэрэглэх зорилгоор нохой үржүүлэх, нядлах болон худалдаалахыг хуулиар бүрмөсөн хориглох аж.
Тус яамнаас фермүүдэд гэнэтийн шалгалт оруулж, хууль бус мал аж ахуй эрхлээгүй эсэхийг хянахын зэрэгцээ орон нутгийн удирдлагууд болон оршин суугчдаас мэдээлэл авч ажиллахаар төлөвлөж байна.
Бизнесээ өөрчлөхөд нь дэмжлэг үзүүлнэ
“Аж ахуйн нэгжүүдийг хугацаанаас нь өмнө хаахыг урамшуулах зорилгоор орон нутагт мэдээлэл түгээх ажлыг зохион байгуулж, үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөхөд нь давхар дэмжлэг үзүүлнэ” гэж хэвлэлийн мэдээнд онцолжээ.
Хэрэв фермерүүд мэргэжлээ өөрчлөхийг хүсвэл тэдэнд зөвлөгөө өгч, хөдөө аж ахуйн бусад үйлдвэрүүдтэй танилцах аялал зохион байгуулахаас гадна багаар чиглүүлэх (mentorship — зөвлөн туслах) хөтөлбөрүүдийг санал болгох аж.
Олон жилийн маргаантай уламжлал
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мун Жэ Ин 2021 онд нохойн мах идэхийг хуулиар хориглох санаачилга гаргаж байв. 2020 оны мэдээллээр тус улсын иргэдийн 84 хувь нь энэхүү уламжлалыг дэмждэггүй гэсэн судалгаа гарчээ. Хэдийгээр амьтны эрхийг хамгаалагчид олон жил тэмцсэн ч амьтанд харгис хэрцгий хандахын эсрэг хуулийн цоорхойн улмаас нохойн мах бэлтгэдэг ферм, нядалгааны газрууд зах зээлд нийлүүлэлт хийсээр байсан юм.
