Монгол улсын хэмжээнд 2026 оны хаврын тариалалтын ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй үргэлжилж байна. Хөдөө аж ахуйн салбарын энэ жилийн зорилт нь нийт 633.4 мянган га талбайд тариалалт хийх бөгөөд үүнд үр тариа, төмс, хүнсний ногоо болон тэжээлийн ургамал багтаж байгаа юм. Тавдугаар сарын 12-ны өдрийн албан ёсны мэдээллээр улсын хэмжээнд нийт 44.6 мянган га-д үр суулгаад байна.
Тариалалтын явцыг төрлөөр нь авч үзвэл:
- Үр тариа: 42.1 мянган га-д (үүнээс улаанбуудай 41.3 мянган га) тариалж, явц 13.0 хувьтай;
- Төмс: 1.1 мянган га-д тариалж, явц 7.2 хувьтай;
- Хүнсний ногоо: 833 га-д тариалж, явц 4.5 хувьтай;
- Тосны ургамал: 460 га-д тариалалт хийгдээд байна.
Засгийн газрын зүгээс тариаланчдыг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлсэн. Салбарын сайдын шийдвэрээр арилжааны банкуудын эх үүсвэрийг 70 тэрбум төгрөгөөр нэмснээр нийт зээлийн санхүүжилт 200 тэрбум төгрөгт хүрчээ. Одоогийн байдлаар 521 иргэн, аж ахуйн нэгжид 87.3 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлээд байгаа бол 345 хүсэлтийг банкууд нэмж судалж байна.
Өнгөрсөн 2025 оны ургацаас тариаланчид энэ жилийн ажилдаа зориулж 26.7 мянган тонн үр нөөцөлж, 305.1 мянган га талбайд уринш боловсруулжээ. Үрийн улаанбуудайн борлуулалтыг энэ оны 1 дүгээр сарын 15-наас эхлэн Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан ил тод зохион байгуулж байгаа бөгөөд 23 удаагийн дуудлага худалдаагаар нөөцийн 84 хувь буюу 9208 тонн үрийг арилжаалаад байна.
Энэ жил төмсний үрийн дутагдлыг нөхөхийн тулд анх удаа хувийн хэвшилтэй хамтран ажиллаж, таатай нөхцөлөөр нийлүүлж байгааг албаныхан онцоллоо. Мөн хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд гурван төрлийн ногооны үрийг Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-аар дамжуулан зээлээр олгох ажил үргэлжилж байна.
