Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын (БНАКУ) зүүн хэсэгт Эбола цусархаг чичрэг өвчний шинэ дэгдэлт гарч, урьдчилсан мэдээллээр 120 орчим хүн амь үрэгдээд байна. Энэ тухай тус улсын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Патрик Муйяйя мэдээлснийг “Radio Okapi” уламжлав.
Тэрээр хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ нөхцөл байдлыг дараах байдлаар тайлбарлалаа:
“Манай нарийн мэргэжлийн багууд халдвар авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдлуудыг илрүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн (тавдугаар сарын 18) байдлаар 118 нас баралт бүртгэгдээд байна. Эдгээр тохиолдлууд вирусээс шууд шалтгаалсан эсэхийг нарийвчлан тогтоохоор үргэлжлүүлэн судалж байна.”
Засгийн газрын төлөөлөгчийн хэлснээр, тус улсын Итури болон Хойд Киву мужуудад халдвар авсан байж болзошгүй 435 тохиолдол илрээд байгаа аж. Муйяйя ард иргэдээ сандарч тэвдэлгүй тайван байж, урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихыг уриалсан байна.
Олон улсын хэмжээний онцгой байдал зарлав
БНАКУ-ын Эрүүл мэндийн алба халдварын голомт болох Итури мужаас анхны түгшүүрийн дохиог тавдугаар сарын 5-нд хүлээн авчээ. Үүнээс ес хоногийн дараа Конго улсын эмч нар уг дэгдэлтийг үүсгэгч нь Эбола-Бундибугио (Ebola-Bundibugyo) вирус болохыг лабораториор тогтоосон байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан БНАКУ болон хөрш Уганда улсад Эбола өвчний дэгдэлт гарсаныг яаралтай зарласан бөгөөд тавдугаар сарын 17-нд шилжих шөнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) тус хоёр улс дахь Эбола вирусын тархалтыг олон улсын хэмжээний онцгой байдал хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрч, зарлалаа.
