iPhone 17 загвар 2026 оны эхний улиралд дэлхийн нийт борлуулалтын 6 хувийг дангаараа эзэлж, хамгийн эрэлттэй утас боллоо. “Counterpoint Research“-ийн тайланд дурдсанаар, iPhone 17 цуврал жагсаалтын эхний гурван байрыг эзэлсэн бол Samsung компани ТОП-10-т хамгийн олон загвартай нь байв.
Борлуулалтаараа тэргүүлж буй эхний гурван байрт iPhone 17, iPhone 17 Pro Max болон iPhone 17 Pro загварууд дараалан бичигджээ. Мөн жагсаалтын зургадугаар байрт iPhone 16 орсон байна.
Харин БНСУ-ын Samsung компани А-цувралынхаа ачаар шилдэг 10 загварын таван байрыг эзэлж чаджээ. Тус компанийн хамгийн борлуулалттай загвар нь төсвийн ангиллын Galaxy A07 4G байв.
Энэ удаагийн тайлангийн гэнэтийн үр дүн нь жагсаалтын аравдугаар байрт Xiaomi Redmi A5 бичигдсэн явдал байлаа. Энэхүү загвар нь жагсаалтад багтсан хамгийн хямд утас бөгөөд худалдаанд гарсан цагаасаа эхлэн хөгжиж буй орнуудын хэрэглэгчдийн дунд өндөр эрэлттэй байгааг “Counterpoint”-ийн шинжээчид онцолжээ.

Ерөнхийдөө эхний улиралд борлуулагдсан нийт гар утасны 25 хувийг эдгээр шилдэг 10 загвар эзэлсэн байна. Энэ нь iPhone 17 цувралын тогтвортой эрэлт болон санах ойн чипний хомсдолоос үүдэн Android үйлдвэрлэгчдийн дунд сегментийн утаснуудын өртөг нэмэгдэж байгаатай холбоотой ажээ.
“2026 онд хамгийн эрэлттэй 10 загвар дэлхийн борлуулалтад эзлэх хувь хэмжээгээ улам нэмэгдүүлэх төлөвтэй байна. Зах зээлийн ерөнхий бууралт нь дунд сегментэд илүү хүчтэй нөлөөлөх бол дээд зэрэглэлийн (premium) утаснуудын эзлэх хувь өссөөр байх болно. Үүний хариуд үйлдвэрлэгчид (OEM) борлуулалтын тоо хэмжээнээс илүүтэй чанарт анхаарч, дээд зэрэглэлийн багц руугаа илүү төвлөрч байна” хэмээн ахлах шинжээч Карн Чаухан хэллээ.
