Украины цахим спортын “Passion UA” баг ирэх сард болох “IEM Atlanta 2026” тэмцээнд оролцох албан ёсны бүрэлдэхүүнээ зарлалаа. Хамгийн сонирхолтой нь, тус багийн эзэн бөгөөд алдарт хөлбөмбөгчин Александр Зинченко энэ удаад сэлгээний тоглогчийн хувиар мэдүүлэгт багтсан байна. Багийн зүгээс “X” хуудсаараа дамжуулан “Ноёд, хатагтай нар аа, Александр Зинченко ‘IEM Atlanta’ тэмцээний сэлгээний тамирчнаар албан ёсоор бүртгэгдлээ. Шинэ тоглогчдоо амжилт хүсье” хэмээн мэдээлжээ.
Өдгөө 29 настай Зинченко Английн Премьер лигт олон жил тоглосон арвин туршлагатай нэгэн билээ. Тэрбээр өнгөрсөн өвлийн наймааны цонхоор Нидерландын “Аякс” клубт нэгдсэн боловч гэмтлийн улмаас ердөө хоёр тоглолтод оролцоод байгаа юм.
2026 оныг амжилт тааруу эхлүүлсэн “Passion UA” баг Монголын шилдэг тоглогч Senzu буюу М.Азбаярыг зээлээр авч тоглуулсан ч талууд гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалсан билээ. Ингэснээр манай тамирчны орон зайг Украины туршлагатай тоглогч Виктор “sdy” Оружев болон багийн эзэн О.Зинченко нар нөхөхөөр болж байна.
“Passion UA” багийн бүрэлдэхүүн:
- Владислав “Kvem” Король (Украин)
- Жонни “JT” Теодосиу (ӨАБНУ)
- Ник “nicx” Ли (АНУ)
- Сантино “try” Ригал (Аргентин)
- Виктор “sdy” Орджев (Украин) – Зээлээр
- Александр “Zinchenko” Зинченко (Украин) – Сэлгээ
- Тиаан “T.c” Корцен (ӨАБНУ) – Дасгалжуулагч
Зинченко өмнө нь “YaLLa Compass Spring 2024 Contenders” тэмцээнд багийнхаа төлөө хүч үзэж байсан түүхтэй. Тухайн үед баг нь 1:2-оор хожигдсон ч шинжээчид түүний тоглолтын ур чадварыг тун чадмаг байсныг онцолж байсан юм.
“IEM Atlanta 2026” тэмцээн тавдугаар сарын 11-нээс 17-ны хооронд АНУ-ын Атланта хотод зохион байгуулагдана. Нийт нэг сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөхөөр цуглах гэж байна.
Багийн ахлагч Жони JT өнгөрсөн хугацаанд гарсан тааруу амжилтынхаа шалтгааныг тайлбарлахдаа “Бидэнд бүрэн хэмжээний бэлтгэл хийх боломж ердөө олдоогүй. Зохион байгуулалтын асуудлууд болон Senzu-гийн зарим тэмцээнд оролцох боломжгүй байдал нь багаараа нэгдмэл бэлтгэл хийхэд саад болж байлаа” хэмээжээ.
