Улаанбаатар хот ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд арчилгаа, тарилтыг байгаль, цаг уурын өөрчлөлттэй уялдуулахын зэрэгцээ нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 5.9-8 ам метрээс есөн ам метр болгон нэмэгдүүлэх зорилт тавьжээ.
2026 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр есөн дүүргийн нийтийн эзэмшлийн 157 га талбайд ногоон байгууламжийн ажил хийгдэж байна. Үүнд 155 гудамж, 35 нэгж талбар хамрагдаж байгаа бөгөөд ойн мэргэжлийн 28 байгууллага болон дүүргийн ОНӨААТҮГ-уудтай гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.
Нийслэлийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн 54 байршилд 104,866 ширхэг гоёл чимэглэлийн мод тарьж, арчилж байна. Мөн 46 байршилд 4800 ам метр талбайг хамарсан 337,340 цэцэгт байгууламж хийж, 72 байршилд нийт 24.1 га талбайг шинээр болон нөхөн зүлэгжүүлэхээр төлөвлөжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 44 дүгээр зарлигаар жил бүрийн тав болон есдүгээр сарын бямба, ням гарагуудыг “Тэрбум мод тарих үндэсний өдөр” болгон зарласан. Хаврын бүх нийтийн мод тарих арга хэмжээний хүрээнд нийслэлийн хэмжээнд есөн байршилд 406 байгууллагын 11855 албан хаагч 129,873 ширхэг мод тарьж байна.
Түүнчлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран Цагаан давааны хогийн цэгийг ойжуулах ажлыг эхлүүлжээ. Тус ажлыг 15 га талбайд зохион байгуулж, 312 мянган ширхэг хайлаас модны суулгац тарих бөгөөд хогийн цэгийг хотын ногоон бүс болгон өөрчлөхөд чиглэсэн тусгай зориулалтын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
