Австрийн хууль сахиулах байгууллагынхан Зальцбург мужид тусгай ажиллагаа явуулж, Германы хүүхдийн тэжээл үйлдвэрлэгч “HiPP” компанийг сүрдүүлсэн хэрэгт сэжиглэгдэж буй 39 настай эрэгтэйг баривчилсан байна. Энэ тухай “Krone Zeitung” хэвлэл мэдээллээ.
Мөрдөн байцаалтын явцад тогтоогдсоноор, сэжигтэн этгээд хүүхдийн тэжээлд зориуд хархны хор хольж, улмаар хордуулсан бүтээгдэхүүнээ супермаркетуудын лангуун дээр буцаан тавьдаг байжээ. Тэрээр үйлдвэрлэгч компаниас хоёр сая еврог криптовалютаар өгөхийг шаардан сүрдүүлсэн байна.
“38 хоногийн турш хүүхдийн тэжээл тойрсон энэхүү аймшигт хэрэг олон зуун мянган эцэг эхийг айдас хүйдэст автуулсан юм. Мөрдөгчид бямба гарагт Австри дахь гэмт этгээдийн нуугдсан байрыг дайран орж, түүнийг баривчилжээ” гэж тус хэвлэлд тэмдэглэсэн байна.
Одоогийн байдлаар тусгай албаныхан Австри, Чех, Словак улсын худалдааны сүлжээнүүдээс илэрсэн зургаан лааз хортой тэжээлийн тавыг нь олж тогтоогоод байна. Мөрдөгчид гэмт этгээдийн жинхэнэ зорилго, сэдлийг тодруулахаар байцаалтаа үргэлжлүүлж байгаа аж.
“Тэрээр супермаркетаас хүүхдийн тэжээл худалдан авч, дотор нь хархны хор хийгээд буцаан лангуун дээр тавьдаг байсан. Хүүхдүүдийг өвчлүүлэх эсвэл бүр амь насыг нь хөнөөхийг зорьсон уу? Энэ асуултад сэжигтэн одоогоор тодорхой хариулт өгөөгүй байна” гэж “Krone Zeitung” онцолжээ.
“HiPP” компанийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хууль сахиулах байгууллагын ажилтнуудад талархал илэрхийлсэн байна.
