Гавьяат жүжигчин М.Уранчимэг Улсын драмын эрдмийн театрын (УДЭТ) тайзнаа эргэн ирж, зохиолч Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” жүжгийн Шунхуй хатны дүрийг дахин бүтээхээр боллоо.
УДЭТ ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдах “Александринский” олон улсын театрын XVII наадамд “Тэнгэрийн хүү” жүжгээрээ оролцохоор бэлтгэж байгаа юм. Энэхүү олон улсын наадмын тайзнаа М.Уранчимэг олон жилийн өмнө өөрөө анх амилуулж байсан Шунхуй хатны дүрээрээ дахин үзэгчидтэй уулзахаар болсон нь онцлог юм.
Дэлгэц болон тайзны уран бүтээлийн амжилтууд
УДЭТ-аас гарснаас хойш тэрбээр “Хувьсал” продакшныг толгойлон “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Тооцоогүй тоглоом”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Миний нууц”, “Тэнгэрээс буусан од”, “Ноён эмэгтэй”, “Хувь заяа”, “Аминч” зэрэг дэлгэцийн олон бүтээлийг үзэгчдэд хүргэсэн. Хамгийн сүүлд дөрөвдүгээр сард тус продакшны 10 дахь кино болох “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны дүрээр үзэгчидтэй дэлгэцээр уулзсан билээ.
Тайзны уран бүтээлийн хувьд тэрбээр Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” (“Монгол хаан”) жүжгийн Цэцэр хатны дүрийг бүтээж, эх орондоо болон Английн Лондон хотын “West End Coliseum”, Сингапурын “Marina Bay Sands” театрын тайзнаа монгол болон англи хэлээр нийт 207 удаа амжилттай тоглож, аялан тоглолтоо өндөрлүүлээд байгаа юм.
