Нэрт найруулагч Кристофер Ноланы шинэ бүтээл болох “Одиссей” уран сайхны кино дэлхийн зах зээлд гарсан эхний амралтын өдрүүддээ асар их ашиг орлого цуглуулжээ. “Universal Pictures” компанийн мэдээлснээр уг кино дэлхий даяар 264.1 сая ам.долларын орлого олсноос АНУ болон Канадын кино театрууд дангаараа 124.5 сая ам.долларыг бүрдүүлсэн байна.
Эртний Грекийн алдартай туулиас сэдэвлэсэн энэхүү киноны гол дүр болох баатар Одиссейн дүрийг жүжигчин Мэтт Дэймон амжилттай бүтээжээ. Кинонд Одиссей төрсөн нутаг руугаа буцах замдаа туулж буй төрөл бүрийн хүнд хэцүү саад бэрхшээл, сонирхолтой үйл явдлуудыг харуулдаг байна. Энэхүү бүтээл нь Кристофер Ноланы хувьд 2023 онд үзэгчдийн хүртээл болж, “Оскар”-ын наадмаас “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч” зэрэг гол шагналуудыг түүсэн “Оппенхаймер” киноноос хойш гаргаж буй анхны томоохон ажил юм.
Тус киноны амжилтын талаар “Universal Pictures”-ийн дотоодын кино түгээлт хариуцсан ерөнхийлөгч Жим Орр хэлэхдээ, “Энэ амралтын өдрүүдэд АНУ-ын кино зах зээлд “Одиссей”-г тойрсон асар их догдлол мэдрэгдлээ” хэмээн онцолжээ. Түүнчлэн “Rentrak” компанийн гаргасан судалгаагаар “Одиссей” нь амралтын өдрүүдэд Хойд Америк болон дэлхийн бокс оффисыг тэргүүлсэн бөгөөд нийт тасалбар худалдан авагчдын тал хувийг 18-34 насны залуучууд эзэлсэн байна.
Уг киног бүтээхэд нийт 250 сая ам.долларын төсөв зарцуулсан бөгөөд үзэгчид болон шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ аваад байна. Тухайлбал, нээлтийн үзвэрийг үзсэн хүмүүс “CinemaScore” дээр “A” үнэлгээ өгсөн бол “Rotten Tomatoes” цахим хуудсанд тус киноны чансаа 97 хувьтай гарчээ. Инфляцыг тооцсон үзүүлэлтээр энэхүү бүтээл нь К.Ноланы карьер дахь нээлтийн амралтын өдрүүдээрээ хамгийн өндөр орлого олсон гурав дахь кино болж байна. Түүний өмнөх амжилтуудыг дурдвал:
- 2012 онд дэлгэцнээ гарсан “The Dark Knight Rises” кино инфляцыг тооцсоноор 358.5 сая ам.долларын орлого олж байв.
- 2008 онд үзэгчдийн хүртээл болсон “The Dark Knight” кино инфляцыг тооцсон дүнгээр 304 сая ам.долларын ашиг олжээ.
“Universal Pictures”-ийн мэдээлснээр АНУ болон Канадын үзэгчдийн тал хувь нь тус киног өндөр нягтаршилтай дэлгэц, дууны орчин үеийн технологи бүхий тусгай танхимд үзэхийг илүүд үзсэний 23 хувь нь IMAX танхимаар үйлчлүүлсэн байна. Кино сонирхогчид “Одиссей”-н тасалбарыг бүр жилийн өмнөөс урьдчилан захиалж эхэлсэн гэнэ. Тэр дундаа зарим IMAX театрууд урьдчилсан захиалгаа жилийн өмнө нээхэд эрэлт маш өндөр байсан тул Хойд Америкийн 50 гаруй кино театр шөнө дундаас өглөөний 07:00 цаг хүтель нэмэлт цагийн үзвэрүүдийг гаргаж ажиллажээ.
Түүх болон уран зохиол судлаачдын дийлэнх нь энэхүү баатарлаг туульсыг эртний Грекийн алдарт их туульч Хомер МЭӨ VII-VIII зууны үед туурвисан гэж үздэг байна. Шинжээчдийн зүгээс энэхүү киноны үзүүлж буй амжилт нь кино сонирхогчдын дунд Кристофер Ноланы нэр хүнд ямар зэрэгт байгааг дахин нэг удаа батлан харууллаа хэмээн дүгнэж байна.
