Их Британийн Хатан хаан II Элизабетын мэндэлсний 100 жилийн ойд зориулан Германы тоглоом үйлдвэрлэгч “Steiff” компани Хатан хааны дүрийг шингээсэн чихмэл баавгайг худалдаанд гаргасан талаар “La Repubblica” хэвлэл мэдээллээ.
“Steiff” компанийн мэргэжилтнүүд цуглуулгын бараа бүтээгдэхүүний “Galerista” дэлгүүртэй хамтран уг тоглоомыг II Элизабетын бодит төрхөөс санаа авч бүтээжээ. Баавгайн өндөр нь 30 см бөгөөд Хатан хааны 2021 онд Виндзорын хааны цомын тэмцээнд оролцохдоо өмссөн байсан “Stewart Parvin”-ий тод ногоон пальто, “Rachel Trevor Morgan”-ий малгайтай ижил загвараар хувцасласан байна.
Тоглоомын зүүсэн сувдан зүүлт нь Хатан хааны зүүлтийн бодит хуулбар бөгөөд хрусталь шилээр гар аргаар хийгджээ. Мөн II Элизабетыг 18 нас хүрэхэд нь буюу 1944 онд бэлэглэж байсан “Ягаан Вангард” (Pink Vanguard) хэмээх цэцгэн хэлбэртэй очир эрдэнийн энгэрийн зүүлтийг ч дуурайлган хийсэн байна. Хатан хаан ихэвчлэн хар өнгийн цүнх барих дуртай байсан ч “Steiff” компани тоглоомыг илүү “гэгээлэг, баяр баясгалантай” харагдуулахын тулд цагаан өнгийн цүнх сонгосон байна.
Энэхүү тансаг зэрэглэлийн тоглоомон баавгай 289 фунт стерлинг буюу ойролцоогоор 1,394,066 төгрөгийн үнэтэй бөгөөд нийт 4,996 ширхэг худалдаанд гарч байгаа ажээ.

