Ховд аймгийн Зэрэг сумын нутаг дэвсгэрт 2026 оны дөрөвдүгээр сарын 22-ны үдэш газар доорх хүчтэй чичирхийлэл бүртгэгдсэн байна. ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлснээр, Улаанбаатарын цагаар 19:11:47 цагт болсон уг газар хөдлөлт нь 4.7 магнитудын хүчтэй байжээ.
Уг чичирхийллийн голомт нь хойд өргөргийн 46.97, зүүн уртрагийн 93.05 градусын солбицолд байсан бөгөөд дараах байршлуудад ойрхон тохиосон байна. Үүнд:
- Зэрэг сумын төвөөс зүүн урд зүгт 22 км;
- Мөст сумын төвөөс зүүн хойд зүгт 36 км;
- Дарви сумын төвөөс баруун зүгт 43 км зайд тус тус мэдрэгджээ.
Одоогоор газар хөдлөлтийн улмаас орон нутагт ямар нэгэн хохирол учирсан, барилга байгууламж эвдэрч гэмтсэн талаарх дуудлага, мэдээлэл ирээгүй байгааг албаныхан мэдэгдлээ. Мэргэжлийн байгууллагууд нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хянаж байна.
