2026 оны тавдугаар сард АНУ-ын Лас Вегас хотод “Enhanced Games” нэртэй шинэ төрлийн спортын уралдаан зохион байгуулагдана. Энэ уралдаанд оролцогчид допинг буюу биологийн чадвар нэмэгдүүлэгч бодисуудыг хэрэглэж болох бөгөөд уламжлалт олимпийн дүрэм журмыг үл тооно. Энэ талаар Reuters агентлагийн эх сурвалжаар Mongolnews24.com мэдээлжээ.
Эхний тэмцээнд дараах төрлүүд багтаж байна:
- Усанд сэлэлт
- Хөнгөн атлетик
- Хүндийн өргөлт
Эдгээрт оролцож буй тамирчид допингийн хэрэглээнд хориггүй тул өөрийн биеийн боломжийг бүрэн ашиглаж оролцох боломжтой.
Энэхүү санаачилгыг олон улсын антидопингийн байгууллагууд огт зөвшөөрөөгүй бөгөөд уг уралдааныг “спортын ёс зүйг үгүйсгэсэн” гэж тодорхойлсон байна.
Enhanced Games бол олон улсын уламжлалт спортын дүрэм журмыг зөрчин, бие махбодыг дээд хязгаарт нь тултал сайжруулахыг зорьдог арилжааны тэмцээн юм. Үүсгэн байгуулагч Арон Д’Соуза энэхүү санаачилгыг “шинжлэх ухаанаар дамжуулан хүний биеийн чадамжийг судлах шинэ үе” гэж тодорхойлжээ.
Грекийн сэлэгч Крисиан Голомееф нь Enhanced Games-ийн туршилтын үеэр 50 метрийн чөлөөт сэлэлтийн зайг 20.89 секундэд туулж, албан ёсны дэлхийн дээд амжилтаас хоёр мянга хором хурдан сэлсэн байна.
Түүний энэ амжилтыг тэмцээнийг зохион байгуулагчид “допинг хэрэглээг зөвшөөрсөн нөхцөлд хүрч болох чадамжийн жишээ” гэж онцолсон ч ямар төрлийн нэмэлт бодис хэрэглэснийг нууцалсан байна.
“Түүнийг аль хэдийн тэтгэвэрт гарсан гэж үзэж болох байсан. Гэвч тэр хэнээс ч хурдан сэлж байна. Яагаад гэвэл тэр шинжлэх ухаан, технологийг ашигласан. Хүмүүс үүнийг ойлгомогц, бүгд хүсэх болно. Бие өвддөг жирийн л эрэгтэй хүн хүртэл ‘Тэр юу хэрэглэдэг юм, би ч бас хэрэглэхийг хүсэж байна’ гэж хэлнэ” — хэмээн Д’Соуза бахархалтайгаар мэдэгдэв.
Тэрээр Enhanced Games-ийг Формула-1-тэй зүйрлэж, “машины хурдыг нэмэгдүүлдэг судалгаанууд эцэстээ жирийн хэрэглээнд ч нэвтэрдэгтэй адил, бидний хөгжүүлж буй аргачлал ч олон нийтэд үр өгөөжөө өгөх болно” гэж тайлбарлажээ.