ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат 2026 оны тариалалт, ургацын урьдчилсан төлөв, хүнсний хангамж болон малын гоц халдварт өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Түүний мэдээлснээр энэ онд улсын хэмжээнд нийт 580 мянган га талбайд тариалалт хийсэн байна.
Үүнээс 369 мянган га-д үр тариа, 317 мянган га-д улаанбуудай, 12 мянган га-д төмс, 13 мянган га-д хүнсний ногоо, 94 мянган га-д малын тэжээл, 90 мянган га-д тосны ургамал тариалжээ. Ургацын урьдчилсан балансаар хэрэгцээт хүнсний улаанбуудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 70 орчим хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэж байна гэж сайд онцоллоо.
“Атар IV Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд тариалангийн технологит ажлыг хугацаанд нь хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй, арилжааны банкны эх үүсвэр бүхий хөнгөлөлттэй зээл олгож байна. Энэ хүрээнд арилжааны долоон банктай санхүүжилтийн гэрээ байгуулж, 906 иргэн, аж ахуйн нэгжид 138 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл, 45 иргэн, аж ахуйн нэгжид 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгожээ.
Ургацын урьдчилсан баланс болон хүлээгдэж буй үзүүлэлт:
- 555 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай хураах төлөвтэй;
- 168 мянган тонн төмс, 218 мянган тонн хүнсний ногоо хураахаар тооцжээ;
- 50 мянган тонн тосны ургамал, 201 мянган тонн малын тэжээлийн ургамал хураах урьдчилсан баланс гарсан;
- улаанбуудайн ургац өмнөх оноос 229 мянган тонноор буюу 85 хувиар өсөх төлөвтэй;
- хүнсний ногооны ургац өмнөх оноос 21 мянган тонноор буюу 9 орчим хувиар буурах тооцоо гарчээ.
Мөн бусад үр тарианы хураалт өмнөх оноос 18.4 мянган тонноор буюу 46.1 хувиар, төмснийх 54 мянган тонноор буюу 47 хувиар өсөхөөр байна. Харин таримал тэжээл, техникийн ургамлын өсөлтийг 3.6 мянган тонн буюу 60 хувь гэж танилцууллаа.
Хүнсний ногооны тариалалт, хангамжийг нэмэгдүүлж, улирлын хамаарлыг бууруулах зорилгоор улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хоёр төрлийн нийт 1314 ширхэг зуны нийлэг хальсан хүлэмжийг зээлээр олгожээ. Ингэснээр хүлэмжийн тариалалт 4.6 га талбайгаар нэмэгдэх боломж бүрдсэн байна.
Төмсний хувьд 10 мянган тонныг нөөцөлж, хадгалах зоориор хангаж ажиллахаар төлөвлөжээ. Харин махны нийлүүлэлт өмнөх жилүүдтэй харьцуулахад бага байгаа тул нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэхэд тодорхой хэмжээний хөрөнгө тавьж, аймгийн Засаг дарга нартай хамтран ажиллахаар болсон байна.
Улсын хэмжээнд үр тариа хадгалах 557 мянган тоннын багтаамжтай элеватор бий. Үүнээс “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д 186 мянган тонн, хувийн хэвшилд 371 мянган тонн нь ашиглагдаж байгаа бөгөөд элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээ дуусаж, буудай хүлээн авахад бэлэн болсон гэж мэдээлэв.
Ургац хураалтад Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн нийт 2800 цэргийн алба хаагч, сонсогч, оюутан, залуусыг оролцуулахаар бэлтгэл хангаж байна.
Сүүний салбарт 2020 оноос боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлага хангасан түүхий сүү нийлүүлсэн малчин, фермерт мөнгөн урамшуулал олгож эхэлсэн. Урамшууллын хэмжээ 2023 онд нэг литр сүүнд 1000 төгрөг болж нэмэгдэж, бүх төрлийн малын сүүнд хамаарах болсон юм.
Энэ бодлогын үр дүнд 2020 онд 1300 орчим малчин, фермер 3.5 сая литр сүүг үйлдвэр, цехэд нийлүүлж байсан бол 2025 онд 2400 орчим малчин, фермер 19.6 сая литр сүү нийлүүлжээ. Ингэснээр сэрүүний улирлын түүхий сүүний нийлүүлэлт 5.6 дахин нэмэгдсэн байна. Мөн сүүний урамшуулалд хамрагдах аймгийн тоо 4-өөс 13 болж, нийт бэлтгэсэн сүүний хэмжээ 2020 онд 200 мянган тонн байсан бол 2025 онд 260 мянган тонн болж 30 хувиар өсжээ. Үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл мөн 38 хувиар нэмэгдэж, 156.8 мянган тоннд хүрсэн байна.
Шүлхий өвчний нөхцөл байдлын тухайд 2026 оны тавдугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт Монгол Улсад өмнө нь бүртгэгдээгүй SAT-1 хэвшил анх удаа лабораториор баталгаажсан. Үүнтэй холбоотойгоор хоёр үе шаттай яаралтай дархлаажуулалт зохион байгуулж, нийт 2.5 сая толгой мэдрэмтгий мал, амьтныг хамруулжээ.
Үүний үр дүнд Ховд аймагт зургадугаар сарын 25-наас, Баян-Өлгий аймагт долоодугаар сарын 8-наас хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин наймдугаар сарын 17-нд Дорнод аймгийн Дашбалбар сумын Номинт 4 дүгээр багт, наймдугаар сарын 22-нд Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, лабораторийн шинжилгээгээр аль аль нь SAT-1 хэвшил болох нь батлагджээ. Иймээс шүлхий гарсан сумдад 2026 оны наймдугаар сарын 26-наас хорио цээрийн дэглэм тогтоосон байна.
