Монголын үе үеийн хүүхэд багачуудын сонсож, дуулж өссөн ХХ зууны хүүхдийн манлай бүтээл болох “Маамуу нааш ир” дууг Монгол Улсын Төрийн шагналд албан ёсоор тодорхойлоод байна. 1956 онд эгшиглэж эхэлсэн тус дууны түүхт 70 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд ойн жилийг угтан уран бүтээлчдийн ар гэр болон олон нийтийн зүгээс уг хүндэтгэлтэй санаачилгыг гаргажээ.
Бүтээлийн түүхэн замнал ба уран бүтээлчид
Хүүхэд бүрийн хэлд орохдоо дуулдаг тус дуу нь Монголын соёл, урлагийн сор болсон суут эрхмүүдийн хамтын хөдөлмөрөөс бүтсэн түүхтэй.
- Шүлгийн зохиолч: Төрийн шагналт зохиолч, яруу найрагч, хүүхдийн нэрт зохиолч Ч.Лхамсүрэн
- Аялгууг зохиосон: Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав
- Анхны дуучин: “Хүүхдийн дууны” хэмээн олноо алдаршсан Монгол Улсын Гавьяат жүжигчин В.Долгор
Энэхүү дууны хүүхэд багачуудын хүмүүжил, соёлд оруулсан хувь нэмрийг үнэлж, түүхт 50 жилийн ойгоор нь Монголын хүүхдийн ордны өмнөх талбайд “Маамуу нааш ир” дуунд зориулсан хөшөөг босгож байсан билээ.
СУИС-ийн Эрдмийн зөвлөл санаачилгыг дэмжив
Түүхт 70 жилийн ой тохиож буй энэ жил Монголын ард түмний санал хүсэлтэд үндэслэн “Лувсаншарав сан” болон дууны ая, үгийг зохиосон хоёр уран бүтээлчийн үр хүүхдүүд уг бүтээлийг Төрийн шагналд дахин дэвшүүлэх санаачилга гаргасан байна.
Уг хүсэлтийг Соёл Урлагийн Их Сургуулийн (СУИС) Эрдмийн зөвлөлөөр тусгайлан хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар албан ёсоор дэмжжээ. Ингэснээр “Маамуу нааш ир” дуу түүхэндээ хоёр дахь удаагаа Төрийн шагналд тодорхойлогдож, хүүхдийн уран бүтээлийн үнэ цэнийг төр, түмний түвшинд дахин бататгах боломж бүрдэж байна.
