Пакистаны эмнэлгүүдэд нүүрлээд буй энэхүү аюултай үйлдлийг таслан зогсооход эрх баригчид арга хэмжээ авах эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 10 дүгээр сарын хооронд дор хаяж 331 хүүхдийн ХДХВ-ийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Халдварын энэхүү тархалт Пакистаны төв хэсгийн Пенжаб мужийн Таунса хотод байрлах улсын эмнэлэгтэй холбоотой байх магадлалтай байна.
Энэ тухай BBC агентлагийн явуулсан эрэн сурвалжлагад дурджээ. Мужийн захиргааны мэдэлд байдаг “THQ Taunsa Sharif” эмнэлэгт нууц камер байршуулахад 32 цагийн хугацаанд нэг тариурыг олон тунт бэлдмэлд дахин ашигласан 10 тусдаа тохиолдол бүртгэгдсэн байна.
Эдгээр тохиолдлын дөрөвт нь нэг ампултай эмийг өөр өөр хүүхдүүдэд тарьжээ. Хэрэв эдгээр хүүхдүүдийн аль нэг нь ХДХВ-ийн халдвартай байвал бусад гуравт нь вирус шууд дамжих эрсдэлтэй юм. “Тэд нэг тариурыг дүүргэж нэг хүүхэд тариад, дараа нь дахин дүүргэж өөр хүүхдэд тарьсан” гэж халдвар авсан хүүхдийн ар гэрийнхэн ярьжээ.
Өөрөөр хэлбэл, эмнэлгийн ажилтнууд нэг тариурыг хэд хэдэн өвчтөнд ашиглаж, улмаар олон тунт бэлдмэлийг бүхэлд нь бохирдуулсан байна. Пакистаны халдварт өвчин судлалын тэргүүлэх шинжээч Альтаф Ахмед BBC-д өгсөн тайлбартаа: “Хэдийгээр шинэ зүү зүүсэн ч тариурын их бие буюу корпус дотор вирус хадгалагддаг тул халдвар дамжих аюултай” хэмээн онцолжээ.
Энэхүү хэрэг ил болсны дараа эмнэлгийн өмнөх удирдлагыг ажлаас нь халсан байна. Гэвч шинээр томилогдсон дарга Касим Буздар уг бичлэгийг “зохиомол” байж магадгүй хэмээн үгүйсгэжээ. Тэрээр хандаж буй эцэг эхчүүдэд: “Би та бүхэнд итгэлтэйгээр хэлж чадна, та бүхэн THQ Taunsa эмнэлэгт үргэлжлүүлэн эмчлүүлэх хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.
Халдвараас сэргийлэх энгийн аргууд байсаар атал олон зуун хүүхэд аюултай вирусийн халдвар авах эрсдэлд орж байгаа нь харамсалтай. Одоогоор эрх баригчид энэ асуудлыг бүрмөсөн арилгах тал дээр тодорхой шийдвэр гаргаагүй байна.
Мэдэгдэл: Энэхүү мэдээлэл нь зөвхөн танин мэдэхүйн зорилготой бөгөөд эмнэлгийн мэргэжлийн зөвлөгөө биш юм. Халдварт өвчин болон эмчилгээний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар мэргэжлийн эмчид хандана уу.
