Италийн Виченца мужийн хойд хэсэгт орших арван хотын нэгдэл уулархаг бүс нутгаа сэргээж, хүн амын шилжилт хөдөлгөөнийг зогсоох зорилгоор хуучирч муудсан үл хөдлөх хөрөнгүүдийг бэлэгдлийн чанартай 1 еврогоор худалдаанд гаргалаа. Энэ тухай “leggo.it” хэвлэл мэдээллээ.
“Пасубио Пикколе Доломити” уулын иргэдийн холбооноос “Pnrr Green Communities” хөтөлбөрийн хүрээнд уг сэргээн босголтын төслийг санаачилсан байна. Хэдийгээр өргөдөл хүлээн авах хугацаа 4 дүгээр сарын 16-наар дуусгавар болсон ч энэхүү санаачилга асар их сонирхол татаж буйг тоо баримтууд гэрчилж байна. Тус холбооны оффист худалдан авах хүсэлтэй 78 албан ёсны санал ирсэн бөгөөд тэдний ес нь хилийн чанадаас, тав нь Италид оршин суудаг гадаадын иргэдийнх ажээ. Анх ашиглагддаггүй гэж бүртгэгдсэн 385 объектоос 24 барилгыг ийнхүү зах зээлд гаргасан байна.
Холбооны ерөнхийлөгч бөгөөд Монте-ди-Мало хотын дарга Мозе Скварцон энэхүү үйл ажиллагааг “мөнгөнд бус, амьдралд оруулж буй хөрөнгө оруулалт” хэмээн тодорхойлжээ. Тэрээр: “Гол зорилго нь орчин үеийн хэв маяг, тав тухыг хөөж эзэнгүй орхигдсон тэрхүү газруудад хүмүүсийг эргүүлэн авчрах явдал юм” хэмээн ярьсан байна.
Хуучирч муудсан орон сууцанд хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаа худалдан авагчдын эцсийн жагсаалтыг 5 дугаар сарын эхээр зарлах юм байна.
