Урт наслахын тулд лууванд дурлаж, наранд биеэ ээж, хайртай хүмүүстэйгээ тэврэлдэх хэрэгтэй. Хэрэв Британийн “арслан толгойт” (lionhead) үүлдрийн Херби туулай ярьж чаддаг байсан бол бидэнд ийм л зөвлөгөө өгөх байсан болов уу. Саяхан 15 настай энэхүү туулай өөрийн төрөл зүйл дотроо дэлхийн хамгийн өндөр настай амьд төлөөлөгчөөр тодорч, Гиннесийн дээд амжилтын номд албан ёсоор бүртгэгджээ.
Дээд амжилтыг бүртгэх үед Херби 15 нас 82 хоногтой байв. Харьцуулбал, ийм үүлдрийн туулайнууд дунджаар 7-10 жил насалдаг байна.
Херби Их Британийн Суррей гүнлэгт амьдардаг багш Ричард болон Мелисса Данэм нарын гэр бүлд амьдардаг. Тэд туулайгаа дөнгөж найман долоо хоногтой байхад нь өргөж авч байжээ. Тухайн үед Данэмийн гэр бүл хэдийн өөр туулай тэжээдэг байсан төдийгүй тусламж хэрэгтэй амьтдыг аврах ажилд ч идэвхтэй оролцдог байв.
Эзэн Мелисса Данэм “Херби бол жинхэнэ ‘альфа’ бөгөөд тушаах маш дуртай! Тэр маш бие даасан зантай бөгөөд нөхрөөр минь өөрийгөө хөөлгөх дуртай байдаг” хэмээн ярьжээ.
Эздийнх нь хэлж буйгаар Херби амьдралынхаа туршид гурван “эхнэр”-тэй байсан гэнэ. Тэрээр эхлээд Флопси нэртэй туулайтай 10 жил хамт амьдарсан бол дараа нь Тинкстэй “ижилсэж”, харин одоо зургаан настай Беттитэй хамт цагийг өнгөрүүлж байна.
Магадгүй Хербигийн урт насалж буй нууц нь түүний бусдыг хайрлах хайр болон амьдралын төлөөх тэмүүлэлтэй нь холбоотой байж болох юм. Эзэд нь түүнийг хүмүүст наалдаж эрхлэх дуртайгаас гадна нарлаг өдрүүдэд цэцэрлэгтээ дураараа үсэрч гүйх маш их дуртай болохыг онцолсон байна.

