17 дахь удаагийн Улаанбаатар Олон Улсын кино наадам ид үргэлжилж байна. Энэ хүрээнд 2026 оны Берлиний олон улсын кино наадам болон түүний дэргэдэх Европын кино маркет (European Film Market, EFM)-т Монголын уран бүтээлчдийн төслүүдийг танилцуулах “Монгол кино төслүүд” арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Анхан шатны шалгаруулалтад нийт 12 уран бүтээлч төслөө ирүүлснээс “Шар хөвийн зэрэглээ”, “Буурал бүсгүй”, “Шонхор”, “94”, “Тарвас”, “Кибер харваач”, “Нойрмог нүд”, “Давс үүрсэн 40 жил” зэрэг найман кино төсөл эцсийн шатанд шалгарч, өчигдөр танилцуулгаа хийжээ.
Тэргүүн байрт “Давс үүрсэн 40 жил” шалгарлаа
Төсөл шалгаруулалтын тэргүүн байрыг “Эргэлт.мн” мэдээллийн сайтын бүтээл “Давс үүрсэн 40 жил” баримтат кино эзэлсэн байна. Мөн онцлох гурван төсөлд “Тарвас”, “Шонхор”, “Шар хөвийн зэрэглээ” багтжээ.
Берлиний олон улсын кино наадамд оролцохоор шалгарсан уран бүтээлчдэд Кино урлагийн зөвлөлөөс EFM-д оролцоход шаардлагатай дэмжлэг үзүүлэх юм.