Netflix-ийн шинэхэн төсөл болох “Variety” нэртэй сэтгэлзүйн триллер төрлийн цувралд алдарт жүжигчин Сун Е Жин болон “Squid Game”-аар олонд танигдсан дуучин, жүжигчин Жо Юүри нар гол дүр бүтээхээр болсон байна. Цувралын найруулагчаар “Mask Girl” бүтээлээрээ танигдсан Ким Ён Хун ажиллах юм.
Цувралын гол үйл явдал:
Түүх нь Өмнөд Солонгосын хамгийн алдартай К-поп хамтлагийг үүсгэн байгуулсан энтертайнмент компанийн захирал Саын (Сун Е Жин) болон тус хамтлагийн үнэнч шүтэн бишрэгч Сынхи (Жо Юүри) хоёрын хооронд өрнөнө.
- Саын — амжилтад хүрэхийн тулд ямар ч золиосыг хийж, аливаа саадыг үл тоон урагшилдаг, хатуу шийдэмгий удирдагч бүсгүй
- Сынхи — хайртай хамтлагтаа хэт туйлширсан, тэднийг бодитоор харахыг мөрөөдсөн, хэт донтсон фэн охин
Тус цуврал нь К-поп ертөнцийн гялалзсан тайзны цаадах сэтгэлзүйн дарамт, шүтэн бишрэгчдийн туйлшрал, энтертайнмент салбарын хар бараан талыг дэлгэж, сэтгэл хөдөлгөм, зөрчилтэй үйл явдлуудаар дүүрэн байх төлөвтэй.
Цацагдах огноо болон бусад дүрүүдтэй холбоотой мэдээлэл хараахан албан ёсоор зарлагдаагүй байгаа ч “Variety” нь Сун Е Жиний 2022 оны “Thirty Nine” цувралаас хойшх анхны дэлгэцийн ажил гэдгээрээ үзэгчдийн анхаарлыг татаж эхэлжээ.