2025 оны зургаадугаар сарын 16-ны өглөөний 08:36 минутад “Хашаанаасаа машинаа алдчихлаа” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдэв. Энэ мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, Сонгинохайрхан дүүрэгт оршин суугч иргэн “С”-ийн эзэмшлийн Toyota Crown-210 маркийн автомашиныг хулгайд алдсан болохыг тогтоожээ.
Шалгалтын явцад уг гэмт хэргийг 9–14 насны хүүхдүүд бүлэглэн үйлдсэн нь илэрсэн байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид богино хугацаанд эрэн сурвалжилж, автомашиныг олж, хэрэг үйлдсэн хүүхдүүдийг тогтоосон байна.
Цагдаагийн байгууллагаас дараах зөвлөмжийг хүргэж байна:
- Тээврийн хэрэгслээ харуул хамгаалалттай, хяналтын камертай газарт байрлуулах;
- Дохиолол хамгаалалтын системтэй автомашин хэрэглэх;
- Сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүддээ тавих анхаарал, хяналтаа чангатгах шаардлагатайг онцолжээ.
Энэхүү хэрэг нь насанд хүрээгүй хүүхдүүдийн дунд гэмт хэрэг үйлдэх эрсдэл бодитой байгааг дахин харуулж байгаа тул иргэд, олон нийтийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллага уриалж байна.