Жүжигчин Дуэйн «Хад» Жонсон шинэ дүрдээ зориулж гадаад төрхөө эрс өөрчиллөө. Найруулагч Бенни Сафдигийн «Гүрвэлийн хөгжим» (Lizard Music) кинонд тэрээр ер бусын ахимаг насны эрийн дүр төрхөөр үзэгчдийн өмнө гарах гэж байна.
Дуэйн Жонсон шинэ дүрийнхээ төлөө хэрхэн өөрчлөгдөв?
Жүжигчнийг 10 дугаар сарын 20-ны мягмар гарагт Бруклин дэх зураг авалтын талбай дээр олж харжээ. Тэрээр 70 настай дүрд хувирахын тулд нарийн хийцтэй протезэн нүүр хувиргалтыг ашигласан байна.
Цахим сүлжээнд нийтлэгдсэн зургуудад Жонсон шаргал панама малгай, пальто өмсөн үзэгджээ. Нэг гартаа зүсэм пицца барьсан түүний дэргэд том чихмэл гүрвэл тэвэрсэн залуу хамтрагч жүжигчин Тео Кларк Лебер нь хамт алхаж байв.
Жүжигчний нүүр хувиргалт дээр уран бүтээлч Казү Хиро ажилласан бөгөөд тэрээр өмнө нь «Digger» кинонд жүжигчин Том Крузд зориулан газрын тосны өндөр настай магнатын дүр төрхийг бүтээж байсан туршлагатай юм.
Түүнчлэн шинэ киноныхоо төлөө Дуэйн булчингийн массынхаа ойролцоогоор 30 фунт буюу 13.6 килограмм жинг хасжээ.
Энэ нь Жонсоны хувьд найруулагч Бенни Сафдитэй хамтарсан анхны эрс хувиралт биш юм. 2025 онд тэрээр «The Smashing Machine» намтарчилсан бүтээлд холимог тулааны тамирчин Марк Керрийн дүрийг чадварлаг бүтээж байсан билээ.

«Lizard Music» киноны тухай юу мэдэгдээд байна вэ?
Тус дэлгэцийн бүтээлийг Америкийн зохиолч Дэниел Пинквотерын ижил нэрт хүүхдийн номоос сэдэвлэн бүтээж буй юм.
Зохиолын гол үйл явдалд нэгэн хүү шөнийн телевизийн нэвтрүүлгээс хачин жигтэй хөгжимчин гүрвэлүүдийг санамсаргүй олж үздэг. Энэхүү сониуч байдал нь түүнийг хөгшин тахиа тэжээдэг нууцлаг эртэй танилцуулахад хүргэнэ.
Кинонд Дуэйн Жонсоноос гадна Рэйчел МакАдамс, Колман Доминго, Дэвид Крумхолц, Жефф Голдблум, Алисиа Силверстоун, Режина Холл зэрэг алдартнууд дүр бүтээж байна.
Төслийн ерөнхий бүтээгчээр Amazon MGM Studios ажиллаж байгаа бөгөөд «Lizard Music» киноны нээлт 2027 оны 12 дугаар сарын 25-нд товлогджээ.
