БНСУ-ын Сөүл хотод арваннэгдүгээр сарын 1-20-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Miss World University-2026” олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд М.Аззаяа Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болжээ. Дэлхийн оюутан мисс тодруулах тус тэмцээнд 86 орны оролцогч өрсөлдөх юм.
М.Аззаяа өнгөрсөн есдүгээр сард болсон Азийн орнуудын гоо бүсгүй шалгаруулах “Miss Asia Awards-2026” олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, “Авьяаслаг мисс” шагнал хүртсэн байна.
Олимпийн таэквондогийн спортын мастер цолтой
Өдгөө 19 настай М.Аззаяа Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль болон Дотоод хэргийн их сургуулийн харьяа ахлах сургуулийг төгсжээ. Тэрбээр одоо БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн их сургуульд суралцаж байна.
Мөн олимпийн таэквондогийн спортын мастер цолтой бөгөөд бага наснаасаа бүжиг, спортоор хичээллэж, төрөл бүрийн амжилт гаргаж иржээ. Үүнээс гадна дуулах, бүжиглэх авьяастай бөгөөд уран бичлэг сонирхож, Монголын үндэсний соёл, уламжлалыг эрхэмлэдэг аж.
Ийнхүү есдүгээр сард болсон “Miss Asia Awards-2026” тэмцээнээс “Авьяаслаг мисс” шагнал хүртсэн М.Аззаяа ирэх арваннэгдүгээр сард дэлхийн оюутан миссийн тэмцээнд эх орныхоо нэрийн өмнөөс өрсөлдөхөөр бэлтгэж байна.

