Илон Маск хүүхдүүдийнх нь нэгийн эх Эшли Сент-Клэрт сар бүр өгдөг мөнгөө тэдний харилцааны талаар олон нийтэд ярьсны дараа 20 мянган ам.доллар хүртэл бууруулсан гэж шинэ баримтат кинонд өгүүлжээ.
Энэ тухай найруулагч Алекс Гибнигийн Musk баримтат кинонд дурдсан бөгөөд тус бүтээл 10-р сарын 16-нд кино театруудаар гарч эхэлсэн байна.
Өдгөө 28 настай, өмнө нь консерватив чиглэлийн инфлюенсер байсан Сент-Клэр 2023 онд тухайн үед Twitter нэртэй байсан, хожим X болсон платформоор дамжин Масктай танилцсан гэжээ. Түүний ярьснаар, Маск нийтлэлүүдэд нь тогтмол хариу үйлдэл үзүүлдэг байсан бөгөөд нэг удаа Эх үрсийн баярт зориулсан нийтлэлийнх нь дараа “илүү олон хүүхэдтэй болох хэрэгтэй” гэж бичсэн байна.
Удалгүй Маск түүнийг хувийн онгоцоор Род-Айленд мужийн Провиденс хот руу урьсан гэж Эшли дурсжээ. Тэрээр Маскийг ухаалаг, найрсаг боловч нэлээд өвөрмөц хүн байсан гэж тодорхойлсон байна.
Сент-Клэрийн хэлснээр, тэрбумтан түүнтэй хүүхэдтэй болох хүсэлтэйгээ удаа дараа илэрхийлж, бүр арван хүүхэд төрүүлэх санал тавьж байсан аж. Гэвч тэдний хүү Ромулус төрсний дараа харилцаа нь өөрчлөгдсөн гэж тэр ярьжээ.
Баримтат кинонд өгүүлснээр, Маскийн ойрын туслах Жаред Бирчалл Сент-Клэртэй хүүхдийн санхүүгийн дэмжлэгийн гэрээ мэт хэлбэртэй нууц хадгалах тохиролцооны талаар ярилцсан байна.
Эшлигийн хэлснээр, уг баримт бичигт нэг удаагийн 15 сая ам.долларын төлбөр, мөн 20 жилийн турш сар бүр 100 мянган ам.доллар олгохоор тусгасан байжээ. Гэвч тэр уг гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан байна.
Сент-Клэр 2024 оны сүүлээр хүүхэд төрүүлсэн тухайгаа олон нийтэд зарласны дараа сар бүрийн төлбөр 100 мянгаас 40 мянган ам.доллар болж буурсан гэж кинонд өгүүлжээ. Хожим энэ мөнгийг дахин хоёр дахин бууруулж, 20 мянган ам.доллар болгосон байна.
The Wall Street Journal өмнө нь ч төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөн талаар мэдээлж байжээ. “Бид хүүхэдтэй болох хүртэл тэр өөрийнхөө нэг талыг огт харуулдаггүй байсан юм шиг санагдсан” гэж Сент-Клэр баримтат кинонд ярьжээ.
Хуучин хосын хооронд хүүгийн асран хамгаалалтын асуудлаарх шүүхийн маргаан үргэлжилж байна. Эшли хүүгээ дангаараа асран хамгаалах эрх авах хүсэлт гаргасан бол Маск мөн өөртөө ийм эрх авахын төлөө тэмцэнэ гэдгээ мэдэгджээ.
Гибнигийн кино Маскийн бизнес, технологи, улс төрд үзүүлж буй нөлөөг судлахын зэрэгцээ хувийн амьдралд нь ч анхаарал хандуулсан байна. Найруулагчтай ярилцсан хүмүүсийн дунд Сент-Клэрээс гадна Маскийн хуучин эхнэр Жастин Маск ч багтжээ.
Харин Маск өөрөө уг төсөлд оролцохоос татгалзаж, киног нэг талыг барьсан бөгөөд нэр хүндэд нь халдах оролдлого гэж тодорхойлсон байна. Маск болон Бирчаллын төлөөлөгчид People сэтгүүлийн тайлбар авах хүсэлтэд хариу өгөөгүй гэжээ.
