Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны аравдугаар сарын 19-22-нд төрийн айлчлал хийхээр мордлоо.
Энэ нь Монгол Улсын төрийн тэргүүний ХБНГУ-д 14 жилийн дараа хийж буй төрийн айлчлал бөгөөд Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд болж байна.
Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийнэ
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцах юм.
Мөн “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулж, стратегийн түншлэлийг цаашид бэхжүүлэх тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлохоор төлөвлөжээ.
“Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээнэ
Хоёр улсын төрийн тэргүүн Берлин хотноо зохион байгуулах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно.
Айлчлалын хүрээнд мөн:
- “Монгол-Германы бизнес форум”
- “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”
- “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” олон улсын эрдэм шинжилгээний хурал
- Зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал
зохион байгуулагдана.
Харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн
ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2024 онд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн юм.
Тухайн айлчлалын үеэр хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн бөгөөд энэ удаагийн айлчлалаар уг хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн бэхжүүлэхээр төлөвлөжээ.
