Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцжээ. Уулзалтын үр дүнгийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл өгсөн байна.
Түүний хэлснээр өмнө нь БНХАУ-аас газрын тосны бүтээгдэхүүн, шатахуун нийлүүлэхэд дотоодын тодорхой хязгаарлалт үйлчилж байсан бол хоёр улсын төрийн тэргүүний уулзалтын дараа Монгол Улсад шатахуун хязгаарлалтгүй нийлүүлэхээр болсон байна. Энэ нь Монголын нефтийн бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгахад чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.
Уулзалтын үеэр Монгол, Хятадын худалдааны нийт эргэлтийг ирэх таван жилийн хугацаанд 30 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг бодитоор хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг хоёр тал онцолжээ. Үүний зэрэгцээ хамтын ажиллагааг зөвхөн уул уурхайн салбараар хязгаарлахгүйгээр аж үйлдвэр, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл болон байгаль орчны чиглэлд өргөжүүлэх боломжийг ярилцсан байна.
Хоёр орны эдийн засгийн харилцаанд хил дамнасан төмөр замын төслүүд ч гол сэдвийн нэг байжээ. Монголын нүүрс болон экспортын бусад бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд дараах төслүүдийг үе шаттай урагшлуулах талаар санал солилцсон байна.
- Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтыг 2027 онд дуусгах
- Шивээхүрэн–Сэхээ чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулах
- Бичигт–Зүүнхатавч төмөр замын төслийг хэрэгжүүлэх
- Ханги–Мандал чиглэлийн төмөр замыг үе шаттайгаар ашиглах
Мөн Монгол, Хятад, Оросын гурван талт эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд “Төмөр замын төв коридор”-ын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хөнджээ. Үүнтэй хамт Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжих хийн хоолойн төслийн талаар ч талууд байр сууриа солилцсон байна.
Эрчим хүчний салбарын томоохон төслүүдийн нэг болох Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг анх төлөвлөсөн хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулах боломжийг мөн хэлэлцжээ. Төслийн хэрэгжилтийг түргэтгэх нь Монголын эрчим хүчний хангамж, бүс нутгийн хөгжлийн хувьд чухал ач холбогдолтой гэж үзсэн байна.
Дэлхийн түлш, шатахууны зах зээлд геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалсан нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж буй үед Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хангамжид дэмжлэг үзүүлэхээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин илэрхийлсэн талаар мөн мэдээлжээ. Ингэснээр хоёр орны эрчим хүч, худалдааны хамтын ажиллагаанд шинэ боломж нээгдэж байгаа аж.
Цаашид Монгол, Хятадын эдийн засгийн харилцааг урт хугацааны тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулж, стратегийн ач холбогдолтой төсөл болон дэд бүтцийн бүтээн байгуулалтыг илүү эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай гэдэгт талууд санал нэгдсэн байна.
