Засгийн газраас дотоодын хүнсний хэрэгцээг тогтвортой хангах, улаанбуудайн үнийн хэлбэлзлийг хадгалах зорилгоор улсын стратегийн нөөцөд 100 мянган тонн хүнсний улаанбуудай худалдан авахаар шийдвэрлэсэн. Уг нөөцийг бүрдүүлэхэд шаардагдах нэг тонн улаанбуудайн худалдан авах үнийг чанарын ангилалаас нь хамааруулан 1.15-аас 1.45 сая төгрөгийн хооронд байхаар тогтоосон байна.
Улаанбуудайн худалдан авах үнийн ангилал
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК болон Монголын тариаланчдын үндэсний холбоо хамтран 11 аймгийн 41 сумын 120 гаруй тариаланч, аж ахуйн нэгжийг судалгаанд хамруулжээ. Тэд үйлдвэрлэлийн бодит өртөг болон тариаланчдын саналыг харгалзан нэг тонн улаанбуудайн худалдан авах үнийг дараах байдлаар тогтоосон байна:
- I ангилал: 1.45 сая төгрөг
- II ангилал: 1.35 сая төгрөг
- III ангилал: 1.25 сая төгрөг
- IV ангилал: 1.15 сая төгрөг
Санхүүжилт ба стратегийн зорилт
Засгийн газраас дотоодын хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх хүрээнд худалдан авах 100 мянган тонн улаанбуудайнд шаардагдах зардлыг 2026 оны төсвийн тодотголд тусган УИХ-д өргөн бариад байна. Энэхүү тохиролцоо нь тариаланчдын бодит өртгийг нөхөхөөс гадна дотоодын хүнсний хангамжийг эрсдэлгүй барихад чухал ач холбогдолтой юм.
