Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. Ирэх сард Монгол орны ихэнх нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджийн орчим байх хэдий ч баруун өмнөд нутгаар харьцангуй дулаан, төв болон зүүн аймгуудын зарим хэсгээр ОЖД-аас сэрүүн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд баруун өмнөд хэсгээр бага, харин төв болон зүүн аймгуудад дунджаас ахиу орох нөхцөл бүрджээ.
Бүс нутгуудын цаг агаарын нөхцөл байдал
Сарын эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар сэрүүсэх боловч сарын дунд үеэр түр дулаарна. Баруун аймгуудын нутгаар Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх ба сарын эхний хагаст уулаараа нойтон цас орж, салхи ширүүсэх магадлалтай байна.
Төвийн болон зүүн аймгуудын хойд хэсэг, тухайлбал Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орохоор байгаа бөгөөд салхи ширүүсэж шороон шуурга шуурах, уулархаг бүсээр нойтон цас орох эрсдэл өндөр байна. Говийн аймгуудын хувьд Өмнөговийн ихэнх нутгаар дулаан байх ба сарын эхэн болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр бороо орж, салхи 10–16 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байна.
Малчид болон тариаланчдад өгөх анхааруулга
Цаг уурын байгууллагаас өдөртөө харьцангуй дулаан байх боловч шөнөдөө агаарын температур огцом буурах тул газар тариалангийн бүс нутгаар хяруу унах, хөрсөн дээр цочир хүйтрэх үзэгдэл олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүйг онцолж байна.
Иймд малчдыг хадлан тэжээлээ эрт бэлтгэж, өвөлжилтийн бэлтгэлээ чамбайруулахыг, мөн тариаланчдад ургац хураалтын ажлаа цаг агаарын төлөвтэй уялдуулан шуурхай зохион байгуулж, ургацаа хүйтрэлээс хамгаалахыг зөвлөлөө. Иргэд болон аж ахуйн нэгжүүдийг тухайн үеийн нарийвчилсан мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч ажиллахыг анхааруулж байна.
