АНУ-ын Жоржиа мужийн шүүх Apalachee High School сургуульд болсон буудлагатай холбоотойгоор 55 настай Колин Грейд 15 жилийн хорих ял оноожээ. BBC-ийн мэдээлснээр, 2024 онд уг халдлагыг түүний хүү, тухайн үед 14 настай байсан Колт Грей үйлдэж, дөрвөн хүний аминд хүрсэн байна.
Өсвөр насны хүү өнгөрсөн долоо хоногт хүн амины хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрчээ. Мөрдөн шалгалтаар халдлагад ашигласан AR төрлийн бууг түүнд эцэг нь бэлэглэсэн болохыг тогтоосон байна.
Шүүх эцгийг нь хариуцлага алдсан гэж үзэв
Буудлагын хохирогчид нь 14 настай сурагчид Кристиан Ангуло, Мейсон Шермергорн болон багш Ричард Аспинволл, 53 настай Кристина Ирими нар байв.
Колин Грейг 3-р сард хоёрдугаар зэргийн хүн амины хэрэг болон болгоомжгүйгээр хүний амь хохироосон зэрэг хэд хэдэн зүйл ангиар буруутайд тооцжээ. Шүүх хүн амины хэрэг бүрт 15 жил, болгоомжгүйгээр хүний амь хохироосон хэрэг бүрт 10 жилийн ял оноосон ч бүх ялыг зэрэг эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул тэр нийт 15 жил хоригдох юм.
Прокурорууд түүнд 80 жилийн хорих ял оноохыг шаардаж байсан бол өмгөөлөгчид 10 жилээр хязгаарлахыг хүссэн байна.
Шийдвэрийг танилцуулахын өмнө шүүгч Николас Примм Грей хүүгээ сэтгэлзүйн тусламжид хамруулаагүй, интернет дэх үйл ажиллагааг нь хянаагүй, мөн зэвсгийг аюулгүй хадгалах арга хэмжээ аваагүй гэж мэдэгджээ.
“Та эцгийн хувьд бүтэлгүйтсэн нь илт байна. Анхааруулах дохио улам тодорч байсан ч та үүнийг зогсоохын тулд хамгийн энгийн зүйлийг ч хийгээгүй” гэж шүүгч хэлсэн байна.
Хүүдээ буу бэлэглэсэн нь хэрэгт гол үндэслэл болжээ
Үүний зэрэгцээ шүүгч Колин Грей өөрөө хэн нэгнийг алахаар төлөвлөөгүй, мөн биечлэн буудаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Шүүх хурлын үеэр тангарагтнуудад Грей халдлагаас нэг жилийн өмнө Зул сарын баяраар хүүдээ буу авч өгсөн гэж танилцуулжээ.
Энэ нь цагдаа нар хүүг сургуульд буудлага үйлдэхээр заналхийлсэн онлайн нийтлэлтэй холбоотойгоор байцааснаас хойш ойролцоогоор долоон сарын дараа болсон байна.
Мөрдөн шалгагчид мөн хүү сурагчид болон багш нарыг алах санаагаа бичсэн дэвтэр олжээ. Прокурорын тал эцэг нь хүүгийн сэтгэцийн байдал дордож, сургуулийн буудлагад сонирхолтой болж, хүчирхийллийн шинж илэрч байгааг харсан ч зэвсгийг нь хураагаагүй гэж мэдэгдсэн байна.
“Хүү нь аюултай болж байгааг илтгэсэн олон шинж тэмдгийн дараа яллагдагч түүнийг удаан асах бөмбөг гэдгийг ойлгох хангалттай дохио авсан. Гэвч түүнийг зэвсэггүй болгохын оронд детонатор өгсөн” гэж Барроу тойргийн прокурорын туслах Патрисия Брукс хэлжээ.
Өмгөөлөгчдийн тал халдлагыг нууцаар төлөвлөж, зориуд гал нээсэн өсвөр насны хүү өөрөө бүх хариуцлагыг үүрэх ёстой гэж маргасан байна.
Колин Грейгийн хэрэг нь АНУ-д хүүхдийнхээ үйлдсэн олон нийтийн буудлагын улмаас эцэг эхийг эрүүгийн хариуцлагад татсан гурав дахь тохиолдол болжээ. 2024 онд Мичиган мужид мөн эцэг эхийнхээ худалдаж авсан буугаар дөрвөн сурагчийн аминд хүрсэн өсвөр насны хүүхдийн эцэг эхэд ял оноож байсан юм.
