Алдартай хөлбөмбөгчин асан, өдгөө дасгалжуулагч Зинедин Зидан Францын шигшээ багийг тэргүүлэхээр боллоо. Талууд урт хугацааны гэрээнд аль хэдийн гарын үсэг зурсан тухай спорт мэдээллийн нэрт сэтгүүлч Фабрицио Романо өөрийн нийгмийн сүлжээгээр мэдээллээ.
Сонголтдоо үнэнч үлдэв
Эх сурвалжийн мэдээлснээр, талууд бүр өнгөрсөн 11-р сард аман тохиролцоонд хүрсэн бөгөөд одоо үүнийгээ эрх зүйн хувьд баталгаажуулж, албан ёсны гэрээ байгуулсан байна. Өнгөрсөн намраас хойш Европын хэд хэдэн томоохон хөлбөмбөгийн клубууд Зиданыг урихаар сонирхож байсан ч тэрээр Францын шигшээ багийг дасгалжуулах шийдвэртээ үнэнч үлджээ.
Зиданы дасгалжуулагчийн замнал
Зидан 2021 оноос хойш дасгалжуулагчийн ажил хийгээгүй байсан юм. Тэрээр өмнө нь хоёр удаа Мадридын “Реал” клубийг (2016–2018 онд болон 2019–2021 онд) дасгалжуулж байв. Түүний удирдлага дор Мадридын клуб УЕФА Аваргуудын лигийн гурван удаагийн дараалсан түрүүг оролцуулаад нийт 11 цом хүртэж байсан гайхалтай амжилттай билээ.
