Дэлхийн дуурийн урлагийн төв нутаг болох Италийн эртний задгай театруудын тайзнаа Монголын дуучид хоолойн бяр чадал, дуулах техник, авьяас билгээрээ олон улсын шүүмжлэгчид болон үзэгчдийн талархлыг хүлээсээр байна.
Италийн Сициль арлын Сиракуза хотын эртний Грек театрт зохион байгуулагдсан “Festival Lirico dei teatri di Pietra” (Чулуун театруудын дуурийн фестиваль)-ийн хүрээнд Ж.Вердийн “Набукко” дуурьт Монголын хоёр шилдэг дуучин нэгэн тайзнаа зэрэгцэн гол дүрүүдийг бүтээж, түүхэн үйл явдал тохиолоо.
50 жилийн дараах “Набукко” дуурь ба Монгол дуучид
63 дахь удаагийн наадмын хүрээнд тус театрын тайзнаа 50 жилийн дараа дахин тавигдаж буйгээрээ онцлогтой “Набукко” дуурийн гол дүрүүдэд:
- Набукко хааны дүрд: Монгол Улсын Гавьяат жүжигчин, баритон Ч.Бадрал
- Их тахилч Заккариагийн дүрд: Монгол Улсын Гавьяат жүжигчин, басс-баритон О.Хүрэлбаатар нар хамтдаа гоцлон дуулж, тайзыг эзэгнэсэн юм.
Олон улсын шүүмжлэгчдийн өндөр үнэлгээ
Тоглолтын дараах олон улсын мэргэжлийн шүүмжүүдэд Гавьяат жүжигчин Ч.Бадралын жүжиглэлт болон дуулах ур чадварыг дараах байдлаар онцлон сайшаажээ:
“Тэрбээр эзэрхэг атлаа соронзон мэт татах увидастай, сэтгэл татам Набуккогийн дүрийг бүтээжээ. Түүний хоолой хүчирхэг агаад өргөн тавилттай, хөгжмийн фраз тодорхой сайхан бөгөөд дууны тусгал, цараа асар өндөртэй аж. Түүнчлэн сүр жавхлант, эрхэмсэг чанар цогцолсон нь тайзыг бүрэн эзэмдэж, баатрынхаа дотоод хувьсал буюу эзэрхэг, догшин хаанаас эхлээд сөхрөн доройтож, эцэст нь ухаан бодол, итгэл бишрэлээ эргүүлэн олж авч буй сэтгэл зүйн нарийн өрнөлийг тун оновчтой, үнэмшилтэйгээр дэлгэн харуулж чадлаа.”
Италийн эртний задгай театрууд ба Монголын дуучид
Дуучдын чадал чансааг сорьдог задгай театрт олон мянган үзэгчдийн өмнө дуулах амаргүй түүчээг Монголын дуучид амжилттай үргэлжлүүлж байна:
- 2017 он: Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин Италийн алдарт “Арэна ди Верона” (Arena di Verona) театрт дуулж эхлүүлсэн.
- 2019 он: Гавьяат жүжигчин Ч.Бадрал мөн тус алдартай тайзнаа тоглосон.
- Удахгүй: Гавьяат жүжигчин Э.Анхбаяр мөн “Арэна ди Верона” театрын тайзнаа дуулахаар бэлтгэлээ хангаж байна.
