Ирэх наймдугаар сараас эхлэн олон улс болон улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж буй тээврийн хэрэгслээс авах төлбөрийг шинэчлэхээр болжээ. Засгийн газрын тогтоолын төсөлд тусгаснаар автомашины зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлж, суудлын автомашинаас 5,000 төгрөг авдаг болохоор бэлтгэж байна.
Тээврийн хэрэгслийн шинэчилсэн тарифын ангилал
Одоогийн байдлаар Засгийн газрын 2016 оны 103 дугаар тогтоолоор суудлын автомашинаас 1,000 төгрөг, ачааны автомашинаас ангиллаас нь хамаарч 2,000-10,000 төгрөг авч байгаа юм. Харин шинэчилсэн тогтоолын төслөөр төлбөрийн хэмжээг тээврийн хэрэгслийн төрөл болон даацаас хамааруулан дараах байдлаар тогтоохоор тусгажээ.
- Суудлын автомашин ба мотоцикл:
- 12 хүртэл хүний суудалтай автомашин — 5,000 ₮
- Мотоцикл — 2,000 ₮
- Нийтийн тээвэр (Автобус):
- 12-24 хүний суудалтай автобус — 8,000 ₮
- 24-өөс дээш хүний суудалтай автобус — 12,000 ₮
- Ачааны автомашин ба тусгай механизм:
- 2 тэнхлэгтэй, 3.5 тонн хүртэлх — 10,000 ₮
- 2 тэнхлэгтэй, 3.5–18 тонн хүртэлх — 12,000 ₮
- 3 тэнхлэгтэй, 18 тонн хүртэлх — 14,000 ₮
- 3 тэнхлэгтэй, 18–25 тонн хүртэлх — 16,000 ₮
- 4 ба түүнээс дээш тэнхлэгтэй, 25 тонн хүртэлх — 18,000 ₮
- 4 ба түүнээс дээш тэнхлэгтэй, 25 тонноос дээш — 20,000 ₮
- Тусгай механизм — 20,000 ₮
Зам засвар, арчлалтын 37 хувийг санхүүжүүлнэ
Тогтоолын төслийн танилцуулгад дурдсанаар, төлбөрийн хэмжээг ийнхүү шинэчилснээр Авто замын санд жил бүр 104 тэрбум төгрөг төвлөрөх тооцоо гарчээ. Ингэснээр олон улс болон улсын чанартай авто замын урсгал засвар, арчлалт, ээлжит засварын ажлын зардлын 37 хувийг бие даан санхүүжүүлэх боломж бүрдэх юм.
