Академич Содовсүрэнгийн Нарангэрэл Монгол Улсын хамгийн дээд шагнал болох “Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор шагнуулжээ. Энэ үеэр тэрээр “Төрөлх эх орон, Монгол Улсынхаа тэргүүн зэргийн хамгийн дээд одон Их эзэн Чингис хааны одонг эгэл жирийн атлаа удам угшилтай иргэн, багш, эрдэмтэн, судлаач, хуульч надад хүртээж байгаад Монгол Улсын эрхэм хүндэт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд, Монголын ард түмэндээ чин сэтгэлийн гүн талархлаа илэрхийлье. Монгол Улсын минь газарзүй, байгаль орчин, цаг уур, орон гэр, амин зуулганд тохирсон тогтвортой хөгжил цэцэглэлт, хүн ардын минь сэтгэл тэнүүн амьдралын язгуур нь Их эзэн Чингис хааны минь та бидэнд үлдээсэн үнэт сургаалын эрдэнэсийн сан эрхэм бээрийн цаглашгүй их үүд оршиж байгаад миний бие ухаарч ойлгоод иргэн бүрийнхээ ой санамжид Монгол бахархлыг сэргээх болон соён гэгээрүүлэх үйлсэд нэн хэрэгтэй сургамжийг нь олж авахын төлөө эрэлхийлэн хайх, судлан шинжлэх ажлыг сөхрөлгүй хийсний үр дүнд гаргаж авсан зарим сургамж, дүгнэлтийн заримаас нь Монгол бахархлын энэ сайхан өдөр та бүхэндээ хураангуйлан товч айлтгая” хэмээн хэлжээ.
Монгол бахархал нь олон зууны туршид огт хуучраагүй, аж төрөх ёс, амьдралаа авч явах, Монгол айл өрх бүрийн арга билиг, гал голомтоо залгуулан, үр хүүхдээ эгэл жирийн амьдралд, жинхэнэ Монгол хүн болж төлөвшүүлэх, сурган хүмүүжүүлэх өнө эртний үнэт уламжлал элгэмсүү эх Монгол хэлэнд маань оршиж байсан байна. Монгол бахархал өвөг дээдсийнхээ гайхамшигт ухаанаас цаг ямагт суралцаж, түүнд суурилан амьдралаа тодорхойлж цаашдын ажил үйлсийнхээ зүг чиг, эрч хүчийг олж авахад оршиж байсан байна. Монгол бахархал харийн улс гүрнийн аж төрөх ёсыг мөнхөд өөрийн болгодоггүй, нэг л мэдэхэд буцаад л буурин дээрээ эргээд буучихдаг Монгол хүмүүний язгуур мөн чанар генд нь хадгалагдаж иржээ.
Ямар ч хүн өөрийнхөө гэр оронд өвлөж, нүдний цөцгий мэт нандигнаж ирсэн уламжлалаа хадгалахыг эрмэлздэгийн адил үзэсгэлэн төгөлдөр эх орныхоо хөрс шороон дээр таван хошуу мал сүргийн аж ахуй бүхий бэлчээр дагасан соёл иргэншлийн аж төрөх ёс мөнхөд оршин байхыг, нэгэн цагт хүн төрөлхтний дотор асаж байсан жинхэнэ аз жаргалант амьдралын гал цог бадарч, эцэг тэнгэрээс заяасан эрч хүч цогцолсон амьдралын уламжлалт хэв маягаа үргэлж хадгалж явж байхыг Их эзэн Чингис хаан Монголчууд бидэндээ хичээнгүйлэн захиж үлдээсэн байна. Их эзэн Чингис хааны маань бий болгосон Монгол бахархал нь өвөг дээдсийнх нь генээр дамжиж эрхэм бээрд өвлөгдсөн дараах билиг оюунаас ундарч гарсныг судалгааны зарим үр дүн баттай харууллаа. Их эзэн Чингис хаан маань Монгол зарим хүмүүний бүдүүлэг, цэвдэг сэтгэлийг нь эелдэг найрсаг, зочломтгой, шударга бусын цэх, голч, шударга, залхуу хойрго унхиагүйг нь ажилсаг, хөдөлмөрч, ханашгүй шунахайрлыг нь эс шунахуй, эрээ цээргүйг нь ичиж эмээдэг болгож өгсөн байна.
Түүнчлэн хүний мөсгүйг нь жудагтай, харгис хэрцгийг нь нинжин, худал хуурмагийг нь үнэн, хэн нэгнийхээ найдвар хөсөрдүүлэхийг нь итгэл даадаг, нэр хүндээ унагаахыг нь нэр төрөө дээдэлдэг, амин хувиа хичээхийг нь нийтэч, хамтач болгож өгсөн байна. Ингэсний үр дүнд 13 дугаар зуунд цул нэгдмэл хүчирхэг Монгол үндэстэн бүрэлдэж бидний сэтгэлийн эерэг сайхан энергид харийнхан өөрийн эрхгүй татагдаж, улмаар дэлхий дахинд 100 жилийн туршид шударга ёс, энхийг тогтоох ажил үйлсийг та бидний гайхамшигт өвөг дээдэс оройлон манлайлж, энэ хорвоогийн хүн ард эвтэй найртай, эн зэрэгцэн аж төрөх нөхцөлийг бүрдүүлж өгч байжээ. Монголчууд бид бүгдээрээ төрөлх Монгол эх орноо чин сэтгэлээсээ хайрладаг билээ. Тийм учраас Их эзэн Чингис хааныхаа, эцгийн нэрийг үр хүүхэд нь алдаршуулж, эцгийн үйлсийг үр хүүхэд нь залгамжлуулна хэмээсэн айлдварыг нь үеийн үед Монгол хүн бүр сүсэглэн дагаж явах нь энэ хорвоод монголчууд та бид төрөлх эх орондоо монголоороо үлдэж цорын ганц боломж ч байж болох юм. Монголын ард түмэндээ мэхийн гүн хүндэтгэл, талархлаа дахин илэрхийлэхийн ялдамд Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүх танд Их эзэн Чингис хааны тухай бүтээлээсээ англи, орос, герман, солонгос, казак зэрэг хэлнээ хөрвүүлэгдэж гадаадын зарим улсын хэвлэлийн газар нийтийн хүртээл болгосноос нь өргөн барья” хэмээсэн юм.
Монгол бахархлын гол сургаалууд:
- Монгол бахархал олон зууны туршид хуучраагүй, аж төрөх ёс, амьдралаа авч явах, айл өрх бүрийн арга билиг, гал голомтоо залгуулах, үр хүүхдээ жинхэнэ Монгол хүн болгон хүмүүжүүлэх өнө эртний үнэт уламжлал эх Монгол хэлэнд оршиж байсан байна.
- Монгол бахархал өвөг дээдсийнхээ гайхамшигт ухаанаас цаг ямагт суралцаж, түүнд суурилан амьдралаа тодорхойлж цаашдын ажил үйлсийнхээ зүг чиг, эрч хүчийг олж авахад оршиж байсан байна.
- Монгол бахархал харийн улс гүрнийн аж төрөх ёсыг мөнхөд өөрийн болгодоггүй, нэг л мэдэхэд буцаад л буурин дээрээ эргээд буучихдаг Монгол хүмүүний язгуур мөн чанар генд нь хадгалагдаж иржээ.
- Их эзэн Чингис хаан маань Монгол зарим хүмүүний бүдүүлэг, цэвдэг сэтгэлийг нь эелдэг найрсаг, зочломтгой, шударга бусын цэх, голч, шударга, залхуу хойрго унхиагүйг нь ажилсаг, хөдөлмөрч, ханашгүй шунахайрлыг нь эс шунахуй, эрээ цээргүйг нь ичиж эмээдэг болгож өгсөн байна.
- Түүнчлэн хүний мөсгүйг нь жудагтай, харгис хэрцгийг нь нинжин, худал хуурмагийг нь үнэн, хэн нэгнийхээ найдвар хөсөрдүүлэхийг нь итгэл даадаг, нэр хүндээ унагаахыг нь нэр төрөө дээдэлдэг, амин хувиа хичээхийг нь нийтэч, хамтач болгож өгсөн байна.
