Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон “Торгоны замын тэмээ” төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд “Монгол тэмээний өдөрлөг” арга хэмжээг Их Британийн Лондон хотноо ирэх тавдугаар сарын 1-нд зохион байгуулахаар болжээ.
Тус өдөрлөг нь Монгол орны говийн бүсийн өвөрмөц байгаль, уламжлалт тэмээн соёл, аялал жуулчлалын онцлогийг танилцуулахын зэрэгцээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болох тэмээний ноос, ноолуур, гар урлал, нэхмэл эдлэл зэрэг бүтээгдэхүүнийг Европын хэрэглэгчдэд сурталчлах зорилготой юм.
Арга хэмжээний хүрээнд дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулна:
- Үзэсгэлэн худалдаа: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг танилцуулах
- B2B уулзалт: Компаниуд хоорондын бизнесийн уулзалтууд
- Виртуал аялал: Монгол орныг танилцуулах виртуал аяллын хөтөлбөр
- Соёлын тоглолт: Язгуур урлагийн үзүүлбэрүүд
- Загварын шоу: Үндэсний хувцас болон загварын танилцуулга
Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зориулсан энэхүү олон улсын арга хэмжээ нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспортын гэрээ хэлцэл байгуулах, олон улсын зах зээлд гарах шинэ боломжуудыг нээх өргөн хүрээтэй платформ болох юм. Түүнчлэн брэндийн үнэлэмжийг өсгөж, дэлхийн зах зээлд Монголын нэрийг өргөх чухал алхам гэж зохион байгуулагчид онцолсон байна.