Цагдаагийн байгууллагаас 14–15 настай охидыг ажиллуулж, биеэ үнэлүүлэхийг зуучилсан байж болзошгүй массажны газрын үйл ажиллагааг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлээд байна.
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс 2025 оны аравдугаар сарын 24–26-ны өдрүүдэд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй саун, массажны газруудад хяналт шалгалт хийжээ.
Шалгалтын үр дүнд дүүргийн 14 болон 19 дүгээр хороонд байрлах “А”, “И” нэртэй хоёр саун массажны газар нь 14–15 настай, насанд хүрээгүй охидыг ажиллуулж, бусдад биеэ үнэлүүлэхийг зуучилсан, орон байр болон бусад нөхцөлийг бүрдүүлсэн байж болзошгүй үйлдэл илэрсэн байна.
Эдгээр үйлдэл нь бусдыг биеэ үнэлэхэд зуучлах, хүн худалдаалах, биеэ үнэлэхийг зохион байгуулах зэрэг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн, холбогдох байгууллагууд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эрхийн зөрчил, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хяналт шалгалтаа тогтмол явуулж, олон нийтийг сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар
