Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшин дэлхийн дуурийн урлагийн шилдэг уран бүтээлчдийн жагсаалтыг тэргүүлж, “Opera World” цахим хуудасны үнэлгээгээр энэ цаг үеийн дэлхийн шилдэг баритон хэмээгдэн нэрлэгдлээ. Тэрбээр 6100 оноогоор 153 шилдэг дуучнаас нэгдүгээр байрт жагсаж, урлагийн тэнгэрт Монгол нэрийг дахин мандууллаа.
Э.Амартүвшин нь 52 долоо хоногийн турш дэлхийн томоохон дуурийн театруудын тайзнаа тасралтгүй уран бүтээлээ толилуулж, үзэгч, шүүмжлэгчдийн эерэг үнэлгээ, дэмжлэгийг хүлээн, мэргэжлийн ур чадвар, авьяасаараа үнэлэгдсэн байна.
Тэрбээр 2011 онд 25 настайдаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнуулсан бол 2022 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын жүжигчин хэмээх эрхэм хүндтэй шагнал хүртэж байв.
Э.Амартүвшин урлагийн боловсролоо 2004-2009 онд Соёл урлагийн их сургуулийн дуурийн дуулаачийн ангид Гавьяат жүжигчин Ц.Ерөө багшийн удирдлага дор эзэмшиж, 2009 оноос Дуурь, бүжгийн эрдмийн театрт уран бүтээлчийн гараагаа эхлүүлсэн.
Тэрбээр олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдэд амжилттай оролцож, дараах шагналуудыг хүртсэн юм:
- 2011 он – П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XIV уралдаан (Санкт-Петербург, ОХУ): II байр, үзэгчдийн нэрэмжит шагнал
- 2012 он – Плачидо Домингогийн олон улсын дуурийн дуучдын уралдаан (Бээжин, БНХАУ): I байр
- 2013 он – Франциско Винасын нэрэмжит 50 дахь уралдаан (Барселон, Испани): II байр, Орос хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн дуучин, тусгай шагнал
- 2015 он – BBC Cardiff Singer of the World тэмцээн: үзэгчдийн нэрэмжит шагнал
- 2016 он – Seoul International Music Competition: III байр
Э.Амартүвшингийн энэхүү амжилт нь зөвхөн түүний авьяас чадварыг төдийгүй Монголын дуурийн урлагийн түвшинг дэлхийд таниулсан чухал үзүүлэлт боллоо.