Хүүхдийн 100 орчимд болсон бүлэг зодооны хэрэгт холбогдоод буй “Говь” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Амарсайхан гурав хоногийн өмнө эх орондоо ирсэн ч өнөөг хүртэл мэдүүлэг өгөөгүй, цагдан хоригдоогүй хэвээр байна. Мөн түүнийг хар тамхины шинжилгээнд хамруулсан ч хугацаа нь аль хэдийн дууссан тул сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй байна.
Энэхүү хэрэг гарснаас хойш хоёр сар өнгөрсөн ч мөрдөн шалгалтын ажиллагаа төдийлөн урагшилсангүй. Өмнө нь холбогдогч Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг цагдан хорьсон ч Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нар суллагдсан. Харин Ц.Санжаачойпэл одоогоор хоригдсоор байгаа бөгөөд шүүх хурлын тов хараахан гараагүй байна.
Б.Амарсайхан хэрэг гарснаас маргааш буюу 2025 оны долоодугаар сарын 20-нд БНСУ руу явж, тэндээс сураггүй болсон. Түүнийг Интерполын улаан булангаар эрэн сурвалжилсны эцэст Тайландад эмнэлэгт хэвтэж байх үед нь олж, Монголд албадан авчирсан юм. Гэвч тэрээр өнөөг хүртэл мэдүүлэг өгөөгүй, цагдан хоригдоогүй бөгөөд “Говь” ХХК дээрээ ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа талаар эх сурвалж мэдээлжээ.
Энэ хооронд шинжилгээ авахад хамгийн ихдээ 30-45 хоногийн дотор сэтгэцэд нөлөөлөх бодис илэрдэг. Харин Б.Амарсайхан 64 хоногийн дараа эргэж ирсэн тул шинжилгээнд юу ч гараагүй байна.
Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарын хувьд урьдчилсан байдлаар хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон. Гэсэн ч хэрэгт холбогдсон бүх хүнийг ганцхан зүйл ангиар буюу Эрүүгийн хуулийн 20.16-д заасан “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” хэмээх зүйл ангиар шалгахаар прокурорт хүсэлт хүргүүлээд байгаа. Энэ нь 1-5 жил зорчих эрхийг хязгаарлах эсвэл нэгээс таван жил хүртэл хорих ялтай юм.
Ийнхүү хэрэг хэрхэн шийдэгдэх нь олон нийтийн сонирхлыг татсаар байгаа бөгөөд цаашид хэрхэн өрнөхийг бид үргэлжлүүлэн мэдээлэх болно.