Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон хоёр настай хүүг найман өдрийн турш тасралтгүй хайсан ч одоогоор ямар нэг ул мөр илрээгүй хэвээр байна. Эрлийн ажиллагаа өнөөдөр ес дэх өдрөө үргэлжилж байна.
Өчигдрөөс эхлэн эрлийн ажилд:
- Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар,
- Агаараас эрэн хайх 111 дүгээр анги,
- Үндэсний аврах бригад,
- Цагдаагийн байгууллагын алба хаагчид,
- Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги,
- Аймгийн ХГБХХГ болон Тариалан сумын ЗДТГ идэвхтэй оролцсоор байна.
Харин Баянхошуу, Тавантолгой баг, Шинэ-Идэр сумын төрийн байгууллагын ажилтнууд, ар гэрийнхэн болон Мөрөн, Улаанбаатараас ирсэн сайн дурынхныг ар гэрийн хүсэлтээр буцаахаар болжээ. Харин төрийн байгууллагын баг бүрэлдэхүүн эрлийг ирэх 72 цагийн турш үргэлжлүүлэхээр болсон байна.
Алга болсон хүүгийн ээж хэвлэлд өгсөн тайлбартаа:
“Манай гэр бүл Тариалан суманд дөрөв дэх жилдээ амьдарч байна. Тухайн өдөр саахалт айлынхаа хүмүүстэй мод бэлтгэхээр тохиролцож, аав, ах хоёр маань ачааны машинаар явсан. Нөхөр бид хоёр хүнтэй уулзаад хоёр хүүхэдтэйгээ араас нь ирсэн. Тэр үед 14 цаг өнгөрч байсан бөгөөд хүүхдүүд унтаж байсан тул би ойр орчмоор түлээ бөөгнүүлэхээр гарсан. Түлээ ачсан машин ойролцоогоор 200 метрийн зайд байсан учир тийшээ очтол шуудай байхгүй, хөрөөг авч ирэхийг хэлсэн. Хамгийн ихдээ 20 минут өнгөрсөн байх, гэтэл хүүхэд маань байхгүй болсон байлаа” хэмээн өгүүлжээ.