Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн (УХТЭ) элэг шилжүүлэн суулгах баг 3D дурангийн технологийг ашиглан дөрвөн удаагийн элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай гүйцэтгэжээ. Эдгээр мэс заслыг УХТЭ-ийн баг удирдан явуулсан бөгөөд БНСУ-ын Канбук Самсунг эмнэлгийн мэргэжилтнүүд зөвлөхөөр хамтран ажилласан байна.
Мэс заслын онцлог
УХТЭ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр хэлэхдээ: “УХТЭ нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын дөрөв дэх тохиолдлоо хийж байна. Энэ удаагийн мэс заслыг мөн дурангийн аргаар хийж байна. Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах мэс заслын донорын хагалгааг хийхдээ долоон дурангийн аргыг ашигласан бөгөөд үүний дөрвөн тохиолдлыг хоёрдугаар эмнэлэг хийж байна. Бид эмч, мэргэжилтнүүдээ өндөр түвшинд бэлтгэхийн тулд УНТЭ болон ХСҮТ-тэй хамтран ажиллаж сургалтыг тогтмол авахаас гадна дурангийн мэс заслыг хөгжүүлэхийн тулд БНСУ-ын Канбук Самсунг эмнэлэгтэй хамтарч ‘KOFIH’ төслийг хэрэгжүүлж байна. Бид цаашид бөөр, уушги шилжүүлэн суулгах мэс заслыг хийх, робот мэс заслыг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна. 2019 онд УХТЭ-ийн Оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орсноос хойш мэс заслын тусламж, үйлчилгээ тэлж эхэлсэн. Өнөөдөр бид элэг шилжүүлэн суулгах мэс заслаас эхлэн нийт мэс заслын 95 хувийг дурангийн аргаар хийж эхэлсэн” гэжээ.
УХТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч Б.Онон: “УХТЭ нь элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эмнэлэгтээ эхлүүлээд дөрөв дэх мэс заслаа хийлээ. Энэ онд таван элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр төлөвлөсөн. Донорын аюулгүй байдал, сэтгэл ханамж, үүсч болох хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсад хэрэглэдэг донорын элэг тайрах мэс заслыг 3D дурангийн аргаар хийж байна. Цаашид ч бид 3D дурангийн аргаар хийх зарчмыг баримтлан ажиллана. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Эрдэнэт үйлдвэрийн санхүүжилтээр сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжтэй болсон. Ингэснээр элэг шилжүүлэн суулгах мэс засал хөгжихөд маш том дэмжлэг болсон. Бидний хувьд эмч, мэргэжилтнүүдээ бэлтгэх, чадавхжуулах зорилгоор УНТЭ, ХСҮТ-ийн хамт олонтойгоо тасралтгүй ажилласан. Үүнээс гадна дурангийн мэс заслыг хөгжүүлэх зорилгоор БНСУ-ын Канбук Самсунг эмнэлэгтэй хамтран ажиллаж, эмч нараа сургах, Монголдоо сургалтаа авах ажлыг эрчимтэй хийж байгаа” гэв.
БНСУ-ын Канбук Самсунг эмнэлгийн эмч, профессор Ким Жонман: “2019 онд ХСҮТ-ийн хамт олон элэг шилжүүлэн суулгах мэс заслаа эхлүүлж байх үед бид тусалж эхэлсэн. Таван жилийн өмнөөс тус хамт олон элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр төлөвлөн бэлдэж эхэлсэн байсан. Тэр хугацаандаа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон хэд хэдэн эмч нар манай эмнэлэгт ирж, сургалтад хамрагдсан. Тухайн үед эмч нарын чадвар хэдий сайн байсан ч гэсэн элэг шилжүүлэн суулгах мэс заслын талаарх мэдлэг нь бага байсан. Монголчуудын хувьд элэгний хавдрын өвчлөл ихтэй учраас эмч, мэргэжилтнүүд энэ тал дээр ажиллаж, өвчтөнийг эдгээх чин хүсэлтэй, эмчилгээндээ маш их анхаарал хандуулж, мэс заслаа ч гэсэн сайн хийж байсан нь ажиглагдсан. Улсын хоёрдугаар төв эмнэлэг дээр элэг шилжүүлэн суулгах мэс засал дөнгөж хийгдэж эхэлж байна. Тухайн эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс заслын донорын хагалгааг дурангийн аргаар хийж байгаагаараа маш онцлогтой байна. Дурангийн мэс засал хийдэг эмч нарын ур чадвар маш өндөр түвшинд хүрсэн байна. Эрүүл донороос элгийг тайрч авахдаа дурангийн мэс заслыг ашиглах нь донорын ирээдүйн амьдралд маш чухал. Тус эмнэлгийн зүгээс эмч нараа чадавхжуулах хүрээнд манай эмнэлэг дээр урт болон богино хугацааны маш олон сургалтад хамрагдаж байсан. Эмнэлгийн системийг ч гэсэн маш сайн мэдэж байгаа болохоор өөрсдийн эмнэлэгтээ хэрэгжүүлээд эхэлсэн. Монгол эмч нарын тухайд олон улсад ч гэсэн өндөр түвшинд ажиллах бүрэн боломжтой гэж харж байна” гэв.
Мэс заслын хөгжил ба ирээдүйн зорилго
Элэг шилжүүлэн суулгах мэс засал нь Монголын эрүүл мэндийн салбарт томоохон дэвшил болж байна. УХТЭ 2019 онд Оношилгоо, эмчилгээний төвөө ашиглалтад оруулснаас хойш мэс заслын үйлчилгээ өргөжиж, одоо нийт мэс заслын 95%-ийг дурангийн аргаар гүйцэтгэж байна. Цаашид бөөр, уушги шилжүүлэн суулгах мэс засал, роботын мэс заслыг нэвтрүүлэхээр зорьж байна.
Хамтын ажиллагаа
Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хөгжүүлэхэд УНТЭ, ХСҮТ-тэй хамтран ажиллаж, эмч нарыг тогтмол сургаж байна. Мөн БНСУ-ын Канбук Самсунг эмнэлэгтэй хамтран “KOFIH” төслийг хэрэгжүүлж, эмч нарыг богино болон урт хугацааны сургалтад хамруулж байна. Эрдэнэт үйлдвэрийн санхүүжилтээр сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжтэй болсон нь мэс заслын хөгжилд томоохон түлхэц болжээ.
Ач холбогдол
3D дурангийн технологи ашигласан элэг шилжүүлэн суулгах мэс засал нь донорын аюулгүй байдлыг хангах, хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Монголын эмч нарын ур чадвар олон улсын түвшинд хүрсэн бөгөөд цаашид эрүүл мэндийн салбарт шинэ дэвшил гаргах боломжтой гэдгийг БНСУ-ын мэргэжилтэн онцолжээ.